Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачлан хэрэгжүүлж буй “Бүрэн Монгол” төслийн баг өнөөдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэн Ж.Отгонбат, Ц.Нарангарав нарт иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр гардуулж, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Залуу хос туслах малчин, нийгмийн идэвх оролцоо сайтай, бусдад тусархаг болохыг нутгийн иргэд хэлж байв.
10 гаруй жил мал маллахдаа Ж.Отгонбатынх айраг, цагаан идээгээ уламжлалт хэв маягаар бэлтгэн түгээж, өв соёл, ёс уламжлалаа дэлгэрүүлж яваа үлгэр жишээ гэр бүл юм.
Гэрийн эзэн Ж.Отгонбат 2012 онд 032 дугаар ангид цэргийн алба хашиж байх хугацаандаа төрийн их есөн хөлт цагаан тугаа Улсын баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд залж байсан. Сонирхолтой нь, тэр жилийн наадамд улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн арслан цолоос ес даван түрүүлж улсын арслан болсон билээ. Эхнэр Ц.Нарангарав нь Улаанбаатарт өсөж торнисон ч нөхрөө даган Булган нутагт мал маллаж, гурван охиноо хүний дайтай өсгөж байна.
Гэр гардуулах ёслолд нутгийн ард иргэд болон сумын удирдлагууд оролцож, төслийн хүрээнд Ж.Отгонбатын өвөлжөө, хаваржааг бэлтгэж, малжуулах төсөлд хамруулахаар болсон нь Бүрэн Монгол төслийн үйл ажиллагаа улам тэлж байгааг илтгэнэ.
Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан энэхүү үйл хэргийг нутгийн иргэд, хөдөлмөрчид онцгойлон сайшааж, дэмжиж буйгаа илэрхийлэн, төслийн баг хамт олонд баярласан сэтгэлээ илэрхийллээ.
Сэтгэгдэл (1)