Даншиг наадмын үеэр өөрийн гэсэн хэв маяг, утга санааг шингээсэн арьсан эдлэлийг үйлдвэрлэж буй Т.Мөнхшүртэй ярилцлаа.
-Хэдийнээс арьсан эдлэл урлах болсон бэ?
-Би хувцас дизайнер, хувцасны зураач мэргэжилтэй. Арьсан урлалыг сонирхлынхоо дагуу, цар тахлын хийх үеэр хийж эхэлсэн.
Ингэхдээ зөвхөн өөрийн сонирхлоор өөртөө л зориулж эхлүүлж байлаа.
Харин хүмүүсийн дунд төдийлөн их биш ч арьсан амны хаалт сонирхох нэгэн бий учраас захиалга авч, олноор үйлдвэрлэе гэсэн бодол төрсөн. Одоогоор би арьсан амны хаалт болон бүс, мөрөвч, бугуйвч, хүзүүний зүүлт үйлдвэрлэж байна.
-Хадаастай, хар арьсан маск этгээд гэхээсээ илүү тухайн хүнд ямар нэгэн хэв маягийг бүрдүүлж өгч байх шиг?
-Байдаг л нэг байхаас илүү онцгой содон, өөртөө ганцыг хийлгэх хүсэлтэй хүмүүс надтай холбогддог. Мөн энэ бол мотоцикл унадаг хүмүүсийн хэрэглээ.
Гэхдээ хүн бүр ямар нэгэн байдлаар өөрийн гэсэн хэв маягтай харагдахыг, байхыг хүссэн болохоор л сонголтоо хийдэг байх.
-Зөвхөн ийм тоногтой амны хаалтуудыг урлаж байна уу. Цаашид олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэх бодол бий юу?
-Цаашид бүтээгдэхүүнээ төрөлжүүлнэ. Хүмүүсээс ч санал их ирж байгаа. Амны хаалтууд дан арьс, хадаас, төмөр тоноглол биш, зурагтай ч гардаг. Одоо дэлгэсэн байгаа эдлэлүүд дотор зурагтай маск хараахан үгүй байна. Өөрсдөө хүссэн зургаа өгөөд зуруулж болно гэсэн үг. Шинэлэг загвараар хийлгэх ч боломжтой.
-Өнгөний сонголтод тухайн хүний харах өнцөг, уран бүтээлийн онцлог шингэчихсэн байдаг юм шиг ээ. Цагаан ч байж болох шүү дээ?
-Би хар өнгөнд үнэхээр дуртай.
Бусадтай адилхан бус содон, өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй байх хүмүүст зориулж хийсэн. Ганцхан хар өнгөөр уйтгартай биш, олон “гое” зүйл хийж болно гэдгийг харуулахыг хүссэн юм.
Хар өнгийг гашуудлын өнгө гэж ярих хэсэг байдаг. Уран бүтээл талдаа бол хар өнгө хамгийн элит нь. Ямар ч үед, хэн ч байсан энэ өнгөөр өөрийгөө илэрхийлэх боломжтой.
М.Дэвээ
Сэтгэгдэл (3)