Наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас Улаанбаатар хотод усархаг аадар бороо орж эхэлсэн. Улмаар Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 38.3 га талбай буюу Жамсран уулын баруун талын аманд уруйн үер буусан юм. Үүний улмаас дөрвөн хүн /1 хүүхэд/ харамсалтайгаар амиа алдсан. Мөн 356 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллага, 105 автомашин үерт өртсөн мэдээлэл бий.
Ийнхүү уншигч та бүхэнд НОК-ын Шуурхай штабаас авч хэрэгжүүлж буй онцлох ажил, арга хэмжээнүүдийг танилцуулж байна.
-Үерийн эрсдэлтэй байршилд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлсэн-
УБЗАА-ны харьяа байгууллагуудын 802 алба хаагч 135 тээврийн хэрэгсэл, техникээр 954 тонн лаг шавар зөөж, цэвэрлэжээ. Мөн далан хүчитгэхээр 64 рейс машинаар 1252 шоо метр дайргыг ачиж зөөсөн байна. Түүнчлэн үерийн эрсдэлтэй байршилд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлжээ.
-Үерийн эрсдэлтэй байршилд байгаа 46 айлыг нүүлгэн шилжүүлэх таван га газрыг бэлтгэсэн-
Эхний ээлжид Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үерийн эрсдэлтэй байршилд байгаа 46 айлыг нүүлгэн шилжүүлэх таван га газрыг бэлтгэсэн.
Тухайн байршилд 66 айл буух боломжтой.
Энэ газар бол Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороотой хамгийн ойр байршил. Өнөөдрөөс иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр зам засах, цахилгаанд холбох ажил эхэлсэн. Мөн иргэд тухайн байршлаас өөр байршил руу нүүх хүсэлт гаргах боломжтой. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөнд тусгагдсан байршлуудад газар олгох аж.
-Үерийн эрсдэлтэй газрыг хамгаалалтын бүсэд оруулж, дахин газар олгохгүй-
Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл байгаа гэсэн судалгаа гарсан. Эдгээрээс 500 айл зөвшөөрөлгүй буусан байна. Тус айлуудыг нүүлгэн шилжүүлэх 1000 га орчим газрыг НИТХ-аас өнгөрсөн долоодугаар сард баталсан. Тухайн байршлууд руу нүүх мэдэгдлүүдийг дахин хүргүүлж эхэллээ.
НОК-ын хурлаар шийдвэр гаргаж, нүүлгэн шилжүүлэлт хийгээд, чөлөөлсөн газрыг мэдээллийн санд бүртгэн, хамгаалалтын бүсэд оруулж, дахин газар олгохгүй гэв.
- Нийслэлийн Замын хөгжлийн газар авто замыг хүчитгэх, замын зорчих хэсгийг хусаж, хайрга, дайрга тээвэрлэж, далан хөвөөний нөхөн сэргээлтийн ажил хийж байна.
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Баянзүрх дүүргийн 5, 21, 27 дугаар хорооны 6926 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь хязгаарласан. Тэгвэл өдгөө 6790 буюу 98 хувь нь цахилгаанд холбогдож, 136 хэрэглэгч хүчдэлгүй байна. Үлдсэн хэрэглэгчдийн цахилгааныг удахгүй залгах юм.
- Тээврийн цагдаагийн албанаас үерийн хор уршгийг арилгах сэргээн босголт үргэлжилж байгаа орчинд замын хөдөлгөөн зохицуулалт, эргүүл хяналтыг тасралтгүй явуулж байна.
- Нийслэлийн Байгаль орчны газар үерийн улмаас эвдэрсэн зам, талбайг засварлах, сэргээн босгоход шаардлагатай 1252 шоо метр хайрга, дайргыг “Эвт чулуу” ХХК-иас 64 рейсээр тээвэрлэсэн.
- Нийслэлийн Эрүүл мэндийн газар үер болсон газар оршин сууж байгаа иргэд, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд оролцож байгаа ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн үзлэг хийж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн эрүүл ахуй, халдвар хяналтын мэргэжлийн байгууллага автомашинаар ариутгал халдваргүйжүүлэлт хийж буй.
- Зэвсэгт хүчний анги байгууллагын 200 гаруй алба хаагч 13 автомашинаар үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд оролцож байна.
- Онцгой байдлын байгууллагаас 230 гаруй алба хаагч, 60 орчим машин, механизм, техник хэрэгсэлтэйгээр үерийн улмаас үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэж буй. Тэрчлэн Монголын Улаан загалмай нийгэмлэг үерт өртсөн 20 хүнийг түр байраар хангаж, 246 өрхөд хүнсний тусламж үзүүлжээ.