АНУ руу шууд нислэг үйлдэх BOEING 787-900 маркийн онгоцыг наймдугаар сарын 10-нд хүлээн авна. Ирэх 2024 оноос АНУ руу 2 дахин хямд үнээр, 2-3 дахин бага хугацаанд нисдэг болно.
МИАТ ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны 5 дугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлөг тун удахгүй “Чингис Хаан” ОУНБ-д буухаар төлөвлөөд байна. Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авна.
787-9 нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг бөгөөд МИАТ компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 примиум, 226 энгийн/ захиалсан.
МИАТ ТӨХК нь эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэх юм. AerCap нь 2023 оны 6-р сарын 30-ны байдлаар 1,700 гаруй агаарын хөлөг эзэмшдэг бөгөөд сүүлийн үеийн технологийн эрэлт хэрэгцээтэй 400 гаруй агаарын хөлгийг худалдан авахаар захиалсан дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн түрээсийн компани хэмээн Зам тээврийн хөгжлийн яам мэдээллээ.