Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын салааны захирагч нарын үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлж, мэргэшүүлэх сургалтыг ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлал хамтран зохион байгуулж байна.
Мэргэшүүлэх сургалт нь долоодугаар сарын 17-ны өдрөөс Зэвсэгт хүчний 350 дугаар ангид эхэлсэн бөгөөд Тусгай хүчний цэргийн ангиудаас томилогдсон сургагч багш нарын бүлэг оролцогчдод онолын мэдлэг олгож, дадлага ажлаар гүйцэтгүүлж байгаа юм.
Тухайлбал, цэргийн байлдаанд удирдах, салааны захирагчийн оновчтой шийдвэр гаргах чадвар, бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулах нь, эрүүл мэндийн бэлтгэл болон байр зүй, ойрын зайн түргэн буудлагын дасгал, амьд гарах арга ухаан, жижиг бүлгийн тактикийн ажиллагаа, ёс зүй, сэтгэл зүйн бэлтгэлжилт зэргийг бүлэг бүлгээр зохион байгуулж байна. Сургалт 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ.