ШУА-ийн тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс олон улсын "Тархи судлалын долоо хоног"-ийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ШУА-ийн тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цолмон асуултад хариуллаа.
Тус хүрээлэн нь 2021 оны есдүгээр сарын 21-нд Засгийн газрын 229 дүгээр тогтоолоор байгуулагдсан юм.
Тэрбээр, "Манай хүрээлэн үйл ажиллагаагаа 15 хүний орон тоотой явуулах ёстой. Үүн дээр нэмээд гэрээт ажилтан бий. Ингээд 20 орчим эрдэмтэн, судлаачтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бид боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхаарч буй. Үндэсний боловсон хүчнийг нэгтгэж байж цаашид "Тархи судлал"-ыг дэлхийн жишгийн дагуу хөгжүүлэх боломжтой болно. Ингэж хөгжүүлэхийн тулд жил болгон долоо хоногийн арга хэмжээгээр дэлхийн нэртэй эрдэмтдийг урьж, тэдний лекц, онол практикийн дадал туршлагыг авч үлдэхийн тулд хурал болон сургалтыг зохион байгуулдаг.
Энэ үеэр Монголд байгаа тархи судлаач, мэргэшиж байгаа эсвэл тархи судлаач болох хүсэлтэй хүмүүс болон манай хүрээлэнгийн нийт судлаач, эрдэмтэд асар их мэдээллийг олж авдаг.
Үүнээс гадна олон улсын эрдэмтэд цугларч буй учраас манай боловсон хүчнийг дэмжиж, гадаад руу сургуульд явуулахад дэмжлэг үзүүлдэг. Өнгөрсөн жил таван хүн АНУ, Япон, БНХАУ, Их Британи руу сурахаар явсан. Тэдний зарим нь суралцаж, зэрэг хамгаалахаар, зарим нь мэргэшүүлэх сургалт, зарим нь энэ чиглэлээр судалгаа хийж, лабораторид ажиллаж байх жишээтэй.
Иймээс эргээд орон тоог нэмэхгүй бол сураад иртэл орон тоо байхгүй болчихсон байх асуудалтай тулгардаг.
Энэ жил ч бас залуусаа гадаадад суралцуулах төлөвлөгөөтэй байна. Үндэсний хэмжээний боловсон хүчнийг манай хүрээлэн өөрсдөө л бие даан бэлтгэж байгаа" гэв.
М.Дэвээ