ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс олон улсын "Тархи судлалын 7 хоног"-ийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ШУА-ийн Тархи судлалын хүрээлэнгийн зөвлөх, Анагаах ухааны доктор Л.Баттүвшин дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Тархи судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 11-12-ны өдрүүдэд болно. Уг эрдэм шинжилгээний хуралд олон улсын эрдэмтэн судлаачид ирж бидэнтэй туршлага хуваалцаж, сүүлийн үеийн ололт амжилтын талаар хуваалцах болно. 2018 онд Дэлхийн тархи судлалын ерөнхийлөгч Монголд ирсэн. Тухайн үед тархи судлалын тухай ойлголт Монголчуудын хувьд бага байсан.
Энэ таван жилийн хугацаанд Монголчуудын мэдлэг их болсон. Тухайлбал, Тархи судлалын үндэсний хүрээлэн байгуулагдсан. Энэ бол том амжилт.
Хөгжиж буй орны хувьд тархи судлал гэх салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэдэг бол маш хүнд асуудал. Үүнийг бодлогын хүрээнд дэмжиж АНУ-ын нэрт эрдэмтэн хүрэлцэн ирж байгаа. Япон, БНХАУ, БНСУ, Малайз зэрэг улсуудын эрдэмтэн судлаач ирнэ. Тэд өөрсдийн судалгааны ажлуудаас бидэнд танилцуулна. Мөн эрдэм шинжилгээний бүтээл хэрхэн бэлдэх талаар мэдээлэл өгнө. Нийт долоон улсын эрдэмтэд лекц унших болно" гэв.
Д.Батчулуун