Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар түүний гэргий мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа нарын үүсгэн байгуулсан “Хосбаатар сан”-гаас зохион байгуулж, “Жудаг” групп, “Аваргууд” академи, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-тай хамтран улсын цолтой шилдэг 16 хүчтэний халз барилдааныг Улсын циркт зохион байгуулсан юм. Улсын арслан Д.Оюунболд тэргүүтэй 16 бөх зарлагдсан ч Д.Оюунболд арслан болон Н.Жаргалбаяр заан нар бэртлийн улмаас зодоглоогүй бөгөөд оронд нь улсын харцага Н.Батзаяа, Н.Жаргалбаяр зааны оронд үзэгчдийн саналаар аймгийн хурц арслан Н.Золбоог барилдуулахаар болсон нь үзэгчдийн сонирхолыг илүү татсан байна. Харин улсын цолтой, шилдэг 16 хүчтэний халз барилдааны орлогыг бүхэлд нь бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Б.Оюунсүрэнгийн эмчилгээнд зориулж байгаагаа зарлахад үзэгчид бүр ч их талархалтай хүлээж авчээ. Дэлхийн аварга, Ази тивийн аваргын мөнгөн медалийг авчирч байсан Б.Оюунсүрэн хүндээр өвчилж, БНСУ-д яаралтай мэс засал хийлгэх болсонтой холбогдуулан их спортынхон ийн халуун сэтгэлийн хандив өргөлөө. Тэрбээр энэ сарын 26-нд БХСУ-г зорих аж.
Шилдэг 16 бөхөөс гадна дэлхийд данстай хоёр бөхийн халз барилдаан зарлагдсан нь олны анхаарлыг татаж байсан юм. Гурван сая төгрөгийн бооцоотой хоорондоо гурван удаа барилдах энэхүү халз барилдаанд чөлөөтийнхнийг төлөөлж, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, ОУХМ, гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдочдын өмнөөс “Рио-2016” олимпийн YII байрын шагналт, ОУХМ Д.Төмөрхүлэг нар зодоглож, 2:1 харьцаагаар сумын заан Д.Төмөрхүлэг ялжээ. Тэдний барилдаан хамгийн үзүүштэй, хамгийн өрсөлдөөнтэй барилдаан болсныг спорт сонирхогчид хэлж байна.