-
2017 оны 1 сарын 26
Ээж, аавуудын санаачилгаар эхэлсэн утааны эсрэг хөдөлгөөнд урлагийнхан нэгдсэн бөгөөд тэд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Хэвлэлийн бага хурал “New star” студид 14:00 цагт болох аж. Утааны эсрэг дахин жагсаалд нэгдэх санаачилгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гаргаж, бусдыгаа уриалан жагсаалд оролцохоор болсон юм.
“Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” байгуулагдан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд жагсаал зохион байгуулж, төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Гэвч тэдний шаардлагад хариу ирүүлээгүй тул уг холбооны санаачлагаар дахин жагсаал зохион байгууулсан. Тус жагсаал нь “Боож үхлээ” нэртэйгээр энэ сарын 28-нд Чингисийн талбайд болно.
Утааны эсрэг дахин жагсаалд нэгдэх санаачилгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гаргаж, бусдыгаа уриалан жагсаалд оролцохоор болжээ.
-
2017 оны 1 сарын 26
Налайх дүүргийн тав дугаар хорооны нутаг дэвсгэрт хонь малын гоц халдварт цэцэг өвчин гарсан байна. Тав дугаар хорооны Дархан ноёны худаг гэх газарт өвөлжиж буй өрхийн хоёр хонь өвчин туссан байдалтай байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 23-ны өдөр ирж “Бөх-Мо” мал эмнэлэгийн эмч нар 399 хонинд үзлэг тандалт хийж үзэхэд 51 хонинд малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарласан байна.
Улмаар нийслэлийн Мал эмнэлгийн газрын халдвартын их эмч Ц.Гантөмөр нэгдүгээр сарын 24-ны өдөр ирж тав дугаар хороонд ажилласан аж. Сэжигтэй тохиолдол илэрсэн 15 хониноос дээж авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээнд өгөхөд хонь малын гоц халдварт цэцэг өвчин болох нь тогтоогджээ.
Иймээс дүүргийн Онцгой комисс яаралтай хуралдан, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Тус дүүргийн Засаг дарга энэ сарын 24-нд голомт гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоох захирамж гаргасан. Мөн өнгөрсөн 23-25-ны өдрүүдэд нийт 1762 хонинд үзлэг тандалт хийснээс 173 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрчээ.
Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд Онцгой байдлын хэлтсээс найман албан хаагч, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиас 15 албан хаагч, Эрүүл мэндийн нэгдлээс гурван эмч ажилтан, Мэргэжлийн хяналтын хэлтсээс нэг, Цагдаагийн хэлтсээс хоёр алба хаагч, “Бөх-Мо” мал эмнэлгээс дөрвөн эмч, нийт хүн 33 үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор голомтын бүсэд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байгаа бөгөөд вакцинжуулалтын ажлыг үе шаттай хийх юм.
Үүнээс гадна тус газарт Зэвсэгт хүчний ангиуд байрлаж байгаа юм. Тухайн хэсэгт гурван постыг байрлуулан хөдөлгөөнт эргүүлээр хяналт тавьж ажиллаж байна.
Тус бүс нь зорчигчдийн хөдөлгөөн ихтэй газар учраас орж, гарч байгаа хүн, машинд ариутгал, халдваргүйжилтийг хийж, хөдөлгөөнийг нэвтрүүлж байна
-
2017 оны 1 сарын 26
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ АЯН”-НЫ ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ЧИГЛЭЛИЙН ДАГУУ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД НИЙТИЙН ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Нийслэлийн засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсэгт Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа, Нийслэлийн тээврийн газрын Зорчигч, тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Баярт нар багтсан юм. Ажлын хэсэг нийтийн тээврийн үйлчилгээний компаниудаас томоохонд тооцогддог Автотерминал трейд ХХК, Атибус ХХК, Тэнүүн Огоо ХХК, Сутайн буянт ХХК, Эрдэмтранс ХХК зэрэг байгууллагын нөхцөл байдалтай танилцаж, удирдлагуудтай уулзан санал солилцлоо.
ТОДРУУЛГА:
Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт 1167 автобус бүртгэлтэйгээс өдөр тутамдаа ажлын өдрүүдэд 926 автобус, амралтын өдрүүдэд 664 автобус нийслэлчүүдэд үйлчилж байна. Нийт 20 нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагын 1241 тээврийн хэрэгсэл байснаас энэ сарын 2-ны өдөр нийт 116 автобусыг хугацаа хэтэрсэн, техникийн шаардлага хангахгүй хэмээн үзэж үйлчилгээнээс хассан байна. Нийтийн тээврийн 326352, 323176 гэсэн 24 цагийн санал авах утсаар иргэдээс маш их санал, гомдол ирдэг. Тухайлбал жолоочийн ёс суртахуунгүй байдал, автобусан дотор тамхи татах, жолоо барьж байх үедээ утсаар ярих, бэлэн мөнгөний хайрцаг руу мөнгө хийхэд загнах, мөнгийг дундаас нь авах, автобусны цэвэрлэгээний байдалтай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү уулзалтын үеэр:
Нийслэлд хугацаа нь дууссан, насжилт өндөртэй, хорт утаа ихээр ялгардаг тээврийн хэрэгсэл маш олон байна. Тиймээс нийслэлийн зүгээс үе шаттайгаар солих буюу парк шинэчлэлт хийхээр зорьж байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатартай ах дүүгийн найрсаг харилцаатай БНСУ-ын Сөүл хотоос 7-8 жил явсан 1000 автобусыг үнэ төлбөргүйгээр нийлүүлэхээр ярьж байна. Монголын талаас зөвхөн гааль, татвараа хариуцах нөхцөлтэйгээр ярьж байна. Ингэхдээ илүү дэвшилтэт цахилгаан болон газын түлш хэрэглэдэг автобус сонгох нь байгаль орчинд ээлтэй шийдэл гэж үзэж байна. Мөн бид цоо шинэ 300-аад том оврын автобусыг мөн БНСУ-аас авахаар ярилцаж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар бид аж ахуйн нэгжүүдэд дээрх автобусны гааль, татварын зардлыг даагаад хариуцаад явах боломж байгаа эсэхийг нь тодруулж, санал солилцоод явж байна. Харин эдгээр аж ахуй нэгжүүд маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тусгайлан үүрэг хүлээж ажиллах нь зөв гэж үзэж байна. Тухайлбал Улаанбаатар хотын захын хорооллын хүүхдүүд тэр бүр нийтийн тээврээр үйлчлүүлж чадахгүй байна. Тиймээс ЕБС-дад ч автобус хуваарилахаар төлөвлөж байгаа бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээг нь ЕБС-иуд өөрсдөө хариуцах бололцоогүй тул аж ахуй нэгжүүдийг хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Дараагийн гол асуудал бол иргэд, олон нийтээс бидэнд хамгийн их ирүүлдэг санал, гомдол бол нийтийн тээврийн автобус эмх замбараагүй явдаг, цэвэрлэгээ, үйлчилгээ тааруухан, суудал сандлын бүрээсний үзэмж хангалтгүй зэрэг автобусны ариун цэвэр, наад захын соёлын талаарх шүүмжлэл юм. Үүнийг нийтийн тээврийн газар, хувийн хэвшлийнхтэйгээ хамтраад шийдэх хэрэгтэй. Нийтийн тээврийнхэн өөрсдөө цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд эрс өөрчлөлт, дэвшил гаргах хэрэгтэй байна. Та бүхний зүгээс долоо хоногтоо нэг удаа суудлын бүрээсээ угаах, автобусны дотоод цэвэрлэгээг тогтмол хийж хэвшүүлэхийг хүсч байна. Хотын соёл, өнгө үзэмж хотоор зорчих нийтийн тээврээс хамгийн их шалтгаалдаг гэдгийг бид мартаж болохгүй.
Түүнчлэн төрийн албан хаагчдыг долоо хоногт 1-2 удаа нийтийн тээврээр зорчдог болгохоор ярилцаж байна. Нийт төрийн албан хаагчид хэрэв нийтийн тээврээр зорчдог болвол тодорхой хэмжээний орлого нийтийн тээвэрт орох тооцоо байна. Нөгөөтэйгүүр замын түгжрэл ч буурахад нөлөөлнө гэж үзэж байна.
Зуслангийн чиглэлийн автобусууд зогсоол дээр зогсохгүй явах, хөгшин, настай хүмүүсийг авахгүй байна гэсэн гомдлууд нэлээд ирж байна. Тиймээс та бүхэн иргэдийн санал гомдолыг анхаарч, үйлчилгээгээ сайжруулах тал дээр бүхий л бололцоогоо ашиглана гэдэгт итгэлтэй байна. Бид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд цаашид шат дараатай ажлуудыг тогтмол хийх болно. Мөн нийтийн тээврийг бэлэн мөнгөгүй, бүрэн картын системд шилжүүлэх шаардлагатай байгаа тул Улаанбаатар Смарт карт ХХК болон нийтийн тээврийн газарт холбогдох үүрэг даалгаваруудыг өгч, бэлтгэл ажил хийгдээд явж байна. Удахгүй энэ ажил хэрэгжиж эхэлнэ. Эхний ээлжинд дээр дурьдсан байгууллагуудын удирдлагуудтай санал солилцож, хамгийн их гаргаж буй зөрчлүүдийг танилцуулж, анхааруулаад явж байна.
Уулзалтын үеэр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүд харилцан санал бодлоо солилцож, тулгамдаж буй асуудал, бэрхшээл дутагдлаа арилгах, шинэ зүйлийг дэмжиж ажиллах талаар илэн далангүй ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Сутайн Буянт ХХК-ний дэд захирал Б.Лхагвадулам: Нийслэлийн удирдлагууд бидний ажил байдалтай танилцаж байгаад баяртай байна. Та бүхний санал шийдэл, хийж хэрэгжүүлж буй ажлыг сонсч мэдлээ. Бид ч мөн адил бүхий л боломжоороо үйлчилгээгээ сайжруулж, иргэдийг цэвэрхэн, тав тухтай орчинд зорчуулахын төлөө ажиллана. Манай баазын үйл ажиллагаа 24 цагийн турш тасралтгүй явагддаг. Ажилчдынхаа нийгмийн асуудалд манай компани илүү анхаарч ажилладаг бөгөөд 20 жилийн хугацаанд 60 ажилтныг орон сууцтай болгосон. Ер нь нийтийн тээврийн салбар нь хүнд нөхцөлд ажилладаг, стресс ихтэй ажлын байр. Энэ үүднээс ажилчдынхаа нийгмийн асуудал, ар тал, ахуй амьдралыг нь анхаарах нь бидний үүрэг гэж боддог. 2017 оныг манай байгууллагын зүгээс “Аваар осолгүй жил” болгон зарласан. Манай автобусаар үйлчлүүлэхэд цэвэр орчин, үйлчилгээний соёлтой байдлаар угтахыг бид хичээж ажилласаар байна. Жишээ нь 2013 оны хавраас эхлэн манай компанийн жолооч нар дулааны улиралд цагаан цамц, бээлий, зангиа өмсөж хэвшсэн. Энэ нь мөн л ажлын байрны нэг эмх цэгц, соёлтой үйлчилгээний илрэл юм. Үүгээрээ бид анх удаа Улаанбаатар хотын нийтийн тээвэрт жолооч нартаа цагаан цамц өмсүүлж, жигдлэн үйлчилгээнд гаргасан анхны компани гэгдэх болсон. Манайхаас ажлын өдөр 61, амралтын өдөр 45 тээврийн хэрэгсэл шугаманд явж байна. Бид боломжоороо насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа нь дууссан тээврийн хэрэгслүүдийг акталж байна. Хэрэв нийслэлээс үнэгүй автобусаар дэмжинэ гэвэл бидэнд гааль, татварын зардлаа даахад татгалзах зүйл алга. Энэ бол бидний хувьд маш том дэмжлэг гэж үзэж байна. Нэг үеэ бодвол бидний тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ чанаржиж, сэлбэг хэрэгслийн хангалт сайжирсан ба үйлчилгээгээ улам сайжруулахаар зорин ажиллаж байна.
Тэнүүн Огоо ХХК-ний гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат: Нийслэлийн удирдлагуудын хэрэгжүүлэх гэж байгаа бэлэн мөнгөгүй бүрэн картын системд шилжих ажлыг бид дэмжиж байгаа. Учир нь нийтийн тээвэрт бэлэн мөнгөнөөс үүдээд маш олон асуудал үүсдэг. Орлого бүрдэхгүй байх, уранхай, хуурамч мөнгөн тэмдэгт хийх, жолооч мөнгөө төл гэж шаардлага тавьсаны хариуд элдвээр хэлэх, биед нь хүрэх гэх мэт олон зөрчил илэрдэг. Бүрэн картын системд шилжчихвэл аль ч талдаа амар байх болно. Смарт карт бол маш зөв шийдэл. Парк шинэчлэлтийн хувьд бид та бүхний саналыг хүлээн авахад татгалзах зүйлгүй. Хэрэв цаашид газын түгээх төв, станцыг байгуулвал түлшний тухайд асуудалгүй байх биз. Ямар ч утаа гаргадаггүй, цэвэрхэн, эдэлгээ даадаг давуу тал бүхий автобустай болоход бидний зүгээс хамтран ажиллахад бэлэн байна. Нийслэлийн зүгээс ингээд дэмжиж өгвөл бид засвар, үйлчилгээ болон бусад зүйлийг бүрэн хариуцаад аваад явах боломжтой. Манай байгууллага нь ажилчдын хувцас, автобусны бүрээсээ өөрсдөө оёдог ба 14 хоногт нэг удаа бүрээсээ сольж байна. Мөн бид ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч эмнэлэгийн үйлчилгээ, фитнесс спорт заал зэргийг тохижуулан ажиллуулж байна. Нийслэлийн удирдлагууд бидний ажил байдалтай танилцаад явж байгаа нь цагаа олсон ажил болж байна.
Эрдэмтранс ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Ананд: Та бүхний саналыг сонслоо. Манай байгууллагын хувьд бид зуслангийн чиглэлийг давхар хариуцдаг. Иргэдээс ирж байгаа “хүүхэд, ахмад настнуудыг авахгүй байна” гэсэн гомдлын мөрөөр анхааран ажиллаж байгаа. Бидний зүгээс Улаанбаатар Смарт Карт компаний цахим картжуулах ажлыг их дэмжиж байна. Удахгүй бүрэн цахим картанд шилжчихвэл ажил, үйлчилгээнд амар байх болно. Нийслэлийн удирдлагууд та бүхэн бидний зовлон жаргалыг ойлгон, дэмжиж ажиллана гэдэгт итгэн, талархаж байна. Бид ч мөн адил цэвэрч байдал, үйлчилгээний соёл дээр цаашид улам анхаарч ажиллах болно.
Автотерминал ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Түвшинтөгс: Манай байгууллагын хувьд хуурамч, уранхай бэлэн мөнгөний асуудал их гардаг. Мөнгө тоолох, уранхай мөнгийг ялгах ажилд хүн хүч орохоос гадна цаг хугацаа их зарцуулдаг. Тиймээс бид смарт картын системийг бүрэн дэмжиж байгаа. Бид шаардлага хангахгүй автобуснуудыг болж өгвөл нийтийн тээвэрт явуулахгүй акталж байна. Түүнчлэн автобусны угаалт, цэвэрлэгээнд анхаарч, өөрсдөө сандлын бүрээс болон ажилчдын хувцсаа оёж байна. Сард 2 удаа автобусны бүрээсээ угааж, улиралдаа нэг удаа сольж байна. Автобусаа автоматаар угааж, засвар үйлчилгээний төв ажиллуулж байна. Мөн бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан хувийн хэвшлүүдээс анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгай зориулалтын автобусаар үйлчилэхээр бэлтгэлээ хангаж байна. Бидний төлөвлөж байгаагаар энэ долоо хоногтоо шуга
Эх сурвалж: Монголын үнэн сонин
-
2017 оны 1 сарын 26
Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Сангийн яам Тогтвортой амьжиргаа-3 төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тогтвортой амьжиргаа төсөл нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжиж буй 3 үе шатны төслөөс бүрдсэн 12 жилийн хөтөлбөр бөгөөд нэг, хоёрдугаар шатанд бий болсон ололт амжилтыг бататгах, нутагшуулах, сайн засаглалыг дэмжих, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд орон нутагт шаардлагатай чадавхийг бэхжүүлэх зорилгоор 3 дахь шатны төслийг эхлүүлээд байна.
Төсөл нь гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байгаа бөгөөд Орон нутгийн засаглалын чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ, Сайн засаглал-Үр дүнд суурилсан урамшууллын хөтөлбөр, төслийн удирдлага зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй.
Төслийн онцлогоос дурьдвал Сайн засаглал-Үр дүнд суурилсан урамшууллын хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн системийг монгол улсад нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд 2017 онд сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалтад 7 тэрбум орчим төгрөгийг урамшуулал хэлбэрээр болзол хангасан сумдад олгох мөн орон нутгийн хэрэгцээ шаардлагад үндэслэн чадавхи бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.
Төслийн хүрээнд “Сумдын төсөв, санхүүгийн удирдлага” сэдэвт 2 өдрийн сургалт, семинарыг төвийн бүсийн Өвөрхангай, Архангай, Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудын төлөөллүүдэд Сангийн яам, Тогтвортой амьжиргаа-3 төслийн зүгээс Улаанбаатар хотноо хамтран зохион байгууллаа.
Уг семинарт дээрх аймгуудын холбогдох төлөөллүүд оролцож Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилттэй холбоотой тулгамдаад буй асуудлаар харилцан санал солилцсон байна. Сангийн яамны зүгээс Төсвийн тухай хуулийн өөрчлөлт болон бусад холбогдох журмын өөрчлөлтүүдийг танилцуулсан. Тогтвортой амьжиргаа-3 төслийн хүрээнд орон нутгийн чадавхийг бэхжүүлэх цогц хөтөлбөрийг энэ жилд багтаан 21 аймгийн 330 суманд хэрэгжүүлэх юм. Тогтвортой амьжиргаа-3 төсөл нь улсын хэмжээнд төсөв, санхүүгийн салбарт хэрэгжиж буй хамгийн том төсөл бөгөөд нийт 330 сумыг хамрах юм.
-
2017 оны 1 сарын 26
Нийслэлийн статистикийн газраас 7 хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.
-
2017 оны 1 сарын 26
Цаг уурын байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө зүүн аймгуудын нутгаар, 27-ны өдөр баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 28, 29-ний өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи 27, 28-ны өдөр ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна.
Иймд:
-Хүчтэй салхи шуурганы үеэр эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, иргэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;
-Цас орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангах;
-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин замд олноор саатаж түгжрэл үүсэх, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагууд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
-
2017 оны 1 сарын 26
09:30 цагт: ХУД-ийн ЗДТГ-ын хажууд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нураан, шинээр барьсан 160 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа болно.
10:00 цагт: МҮХАҮТанхим, ШУТИС-ийн БУХСургууль хамтран тус Танхимын үзэсгэлэнгийн танхим, 507 тоот уулзалтын өрөөнд “ЖДБ ба МХХТ-ийн салбарын эдийн засаг, менежментийн асуудлууд” сэдэвт онол, практикийн хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ХХМТГ, ХХЗХ, МТҮП, Нийслэлийн ЖДҮГ, Старт-ап Монголиа, УБТЗ болон “ITZONE” ХХК, “Скайтал” ХХК, “Монгол контент” ХХК-ны төлөөллөөс гадна “DELL” брэндийн Ази, номхон далайн бүсийн сүлжээний бизнес хариуцсан менежер, ШУТИС, МУИС-ийн эрдэмтэн, докторууд илтгэл тавьж сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлнэ.
11:00 цагт: Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийнэ.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт: Залуу малчдыг дэмжих аяны хүрээнд тоглогдох “Увертюра” хамтлагийн “Монгол минь” тоглолт болон Морин спорт, залуу уяачдын холбооноос санаачилсан тус аяны талаарх мэдээллийг сонирхоорой.
12:00 цагт: “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” төрийн бус байгааллагаас төрийн далбаа, төрийн дуулал алдаатай байгаа талаар “Төрийн дууллаа билэгдэн өргөе” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
13:00 цагт: Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдүүдийн 51 хувь нь (2011 оны байдлаар) жирэмсний үеийн эмгэгийн улмаас хорвоог орхисон нь тогтоогдсон аж. Иймээс эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад жирэмсний хяналтыг сайжруулах нь үр дүнтэй талаар “Гэрэлт Ирээдүй” төслийн багаас мэдээлэл хийнэ.
-
2017 оны 1 сарын 25
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Батхүүд холбогдох хэргийг шүүгдэгч Э.Батхүү болон түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан гомдлын дагуу 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ.
Э.Батхүү нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан, давтан борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар Э.Батхүүд чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 1 сар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Э.Батхүү болон түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
-
2017 оны 1 сарын 25
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бор гөрөөс агнахгүй байхыг анхаарууллаа. Учир нь иргэд бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийх нь ихэссэн байна.
-
2017 оны 1 сарын 25
Хонь, ямааны цэцэг өвчин нь өндөр халуурал, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм. Цэцэг өвчин нь Поксвирусын язгуурын Каприпокс төрлийн үүсгэгчээр үүсгэгдэнэ. Хонь, ямааны цэцэг үүсгэгч /Carpipocvirus/ нь ийлдсийн нэг хэвшилтэй бусад төрлийн амьтдыг өвчлүүлдэггүй.
Эмнэл зүйн шинж тэмдэг:
Өвчний нууц үе 21 хүртэл хоног байна. Цэцэг өвчнөөр өвчилж буй хонь ямааны биеийн халуун 41 градус хүрч 1-5 өдрийн турш үргэлжилнэ. Нүд, ам, хамраас нулимс, салст идээт нус, нуух гоожих, зовхи хавагнах, судасны лугшилт олширох, амьсгал түргэсэх, цэврүүт гүвдрүү, булдруу ихэвчлэн толгой, уруул, хамрын самсаа, шанаа, нүдний орчим болон цавь, суга, дэлэн, хуухнаг, гуя, сүүлний дотор талын үсгүй хэсэгт гарч, ус, тэжээлд дургүй болох шинж тэмдэг илэрнэ. Булдруу нь эхлээд бага зэрэг хавагнасан ягаан өнгөтэй, дугуй хэлбэртэй тууралт байх ба 1-2 хоногийн дараа улаан хүрээтэй, хатуу гүвдрүү болно. Халдварын эх үүсвэр нь өвчилсөн, нууц үедээ байгаа хонь, ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна. Мөн өвчтэй мал, амьтныг эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирдсон хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцаар дамжин халдвар тархана. Цэцгээр хонь, ямаа нас, хүйс харгалзахгүй өвчлөх ч нялх хурга, эрлийз мал илүү мэдрэмтгий. Нас гүйцсэн малын өвчлөл, үхэл, хорогдол өсвөр малынхаас харьцангуй бага байдаг.
Хонины цэцэг өвчинтэй тэмцэхэд манай орны хувьд өвчилсөн болон сэжигтэй малыг зориудаар устгах арга хэмжээг хэрэгжүүлдэг. Иймд иргэд онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан аймаг, орон нутагт зорчихгүй байх, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
Мөн хонь, ямаа халуурах, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх ус, тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийн мал эмнэлэг болон Нийслэлийн мал эмнэлгийн газарт яаралтай мэдэгдэхийг АНХААРУУЛЖ байна.
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС
-
2017 оны 1 сарын 25
“Эгнэшгүй санаа төв” ТББ-ын уран хатгамалчид монголын даалин урлалыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэхээр болсон талаар Богд хааны ордон музей, “Эгнэшгүй санаа төв”-өөс мэдээлэл хийлээ.
-
2017 оны 1 сарын 25
НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засаг, Хууль зүй, төрийн байгуулалт, Нийгмийн хөгжил, Өргөдлийн хорооны хамтарсан хурал өнөөдөр боллоо. Хурлаар Агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэв.
Хурлын эхэнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн Засаг даргын гаргасан 3 захирамжийн дагуу болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа. “210 гаруй мянган өрх гэр хорооллын бүсэд амьдарч байна. Ихэнх айл түүхий нүүрс түлдэг. Гэр хороололд бохир болон дулааны шугам сүлжээний асуудал одоо болтол шийдэгдээгүй учраас агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрлээ. Мөн нийслэлийн оршин суугчдын ачаалал хэт ихэсч Улаанбаатар хот ачааллаа дийлэхгүй байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлын багагүй хувийг үүсгэж байгаа дулааны цахилгаан станцуудын түүхий нүүрсний хэрэглээг багасгаж, өөр технологиор ажиллуулах зорилт тавьсан. Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс ахуйн хэрэглээний зуухны шинэ стандартыг мөрдөж эхэлнэ. MNS52162016 стандарт хангасан зуухыг худалдах бөгөөд утаа гаргадаг бусад төрлийн зуух зарахыг хориглосон. Энэ хүрээнд саяхан зуух үйлдвэрлэгчидтэй уулзаж нэлээн сайн ойлголцсон” хэмээн ярилаа.
Хурал төлөөлөгчдийн асуултаар үргэлжилсэн юм. Өдөрт дунджаар 130-140 вагон нүүрсээр суудлын галт тэрэгний дулааны асуудлыг шийддэг аж. Энэ нь төдий чинээ утааг Улаанбаатар хотод бий болгож байгаа талаар төлөөлөгчид санал бодлоо хэллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Баятбаясгалан “Улаанбаатар төмөр зам нь суурьшлын бүсэд тодорхой хэмжээгээр агаар бохирдуулж байгаа хөдөлгөөнтэй, нэлээн хуучны технологи, техник бүхий аж ахуйн нэгж юм. Үндсэндээ зөвхөн утаа гаргахаас гадна тухайн орчноо үнс, тортог болгодог. Бид бүхэн Улаанбаатар төмөр замын удирдлагуудтай уулзаж, ярилцсан. Тэдний зүгээс суудлын галт тэргийг цахилгаанаар халаадаг болох талаар санал тавиад хамтарч ажиллахыг хүссэн. Энэ асуудлыг Эрчим хүч, Зам тээвэр, хөгжлийн яамтай хамтарч шийдэхээр холбогдох байгууллагад албан ёсны саналаа хүргүүлсэн” гэв.
Хамтарсан хурлын үеэр агаарын бохирдлоос гадна хөрс, усны бохирдол, нөөцийн асуудлыг мөн хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 25
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр төр захиргааны Хангарди ордонд дүүргийн Засаг дарга болон төсвийн шууд захирагч нартай гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг даргын орлогчид болон нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай “Удирдлагын гэрээ”, дүүргийн Засаг дарга нартай “Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”, төсвийн шууд захирагч болон харьяа байгууллагын удирдлагуудтай “Үр дүнгийн гэрээ” байгуулсан юм. Гэрээг хагас жил болон бүтэн жилээр нь дүгнэх аж. Биелэлтийг хангаж ажиллаагүй дүүрэг, байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох заалт уг гэрээнд туссан байна.
Гэрээ байгуулах ажиллагааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүрэг, байгууллагын удирдлагуудад хандаж хэлсэн үгэндээ “2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгосонтой холбогдуулан бүх түвшинд сахилга хариуцлагыг чанд мөрдөх, төрийн чиг үүргийг иргэдэд нээлттэй, шуурхай хүргэхэд анхааран ажиллах нь зүйтэй. Гэрээний заалт нэг бүрийн хэрэгжилтийг та бүхэн цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, биелэлтийг тухай бүр нийслэлийн Тамгын газарт танилцуулах хэрэгтэй. 2017 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг оны эхний хагаст 80 хувийг нь хэрэгжүүлсэн байхаар гэрээний хавсралт болох байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан байгаа. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хугацаанд нь биелүүлэх талаар онцгой анхаарах шаардлагатай” хэмээлээ.
2017 онд нийслэлийн төсөвт 536.0 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрч, 295.8 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлж, хотын шуудын төсвөөс 174.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэн, 89.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Нийгмийн халамжийн сангийн зардалд 101.0 тэрбум төгрөг, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 75.2 тэрбум төгрөг, нийслэлийн концессийн гэрээгээр 35.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөөс 7.0 тэрбум төгрөг төлөхөөр төлөвлөснөөр энэ онд шинээр хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд төсөв санхүүгийн хувьд хөрөнгө дутмаг хэдий ч хэд хэдэн томоохон ажил хийхээр төлөвлөөд байгаа аж.
Тухайлбал, энэ онд 2300 ор бүхий цэцэрлэгийн 10 барилга, Багахангай дүүргийн 40 ор бүхий эмнэлгийн барилга, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасаг шинээр байгуулах юм байна. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд инженерийн шугам сүлжээ, бизнес инкубатор төв, цэцэрлэгийн барилгыг барих ажлыг зохион байгуулах аж. Төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга, Сүхбаатар дүүрэгт аврах гал унтраах ангийн барилга барьж, нийслэлийн нэгдсэн сүлжээний дэд бүтцийг өргөтгөн, мэдээлийн аюулгүй байдлыг хангасан дэд бүтцийг бий болгох аж. Хот тохижилтын тусгай зориулалтын автомашины парк шинэчлэлтэд 1.5 тэрбум төгрөг, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхэд 2.0 тэрбум төгрөг, Эрчим хүчний яамтай хамтарч Улаанбаатар хотын гэр хорооллын гэрэл цахилгаангүй 7000 гаруй айл өрхийг эрчим хүчээр хангах, цахилгааны хүчдэлийн уналтыг сайжруулахад 7.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөснөө хотын дарга хэлсэн.
Нийслэлийн Засаг дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд “Төсвийн шууд захирагч бүр гэрээнд тусгагдсан төсөв, хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд захиран зарцуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг анхааруулж байна. Та бүхэн 2017 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцсан салбарын ажлыг цаг хугацаанд нь хариуцлагатай, чанарын өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулахыг хүсье” гэж хэллээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Энхтөр “Үр дүнгийн гэрээнд бүтэн жилийн хугацаанд хийх үйл ажиллагааны хавсралтыг давхар баталж байна. Жилийн хүрээнд хийсэн ажлуудаа хагас, бүтэн жилээр дүгнэн ажиллах юм. Бид харьяа байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж зохих байгууллагуудаар нь хянуулж үр дүнгийн гэрээг байгуулж байна” гэлээ.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Гэрээнийхээ дагуу тодорхой чиг үүргүүдийг дүүрэгтээ хэрэгжүүлнэ. Энэ гэрээг цааш нь салбарлаад төсвийн захирагчтайгаа байгуулаад хөрсөн дээр нь буулгаж ажиллана. Манай дүүргийн хувьд төрийн болон төрийн бус 80 гаруй сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг ч хүрэлцээ хангалтгүй байдаг. Энэ жил нийслэлийн төсөвт цэцэрлэг шинээр барихаар тусгагдсан байгаа” хэмээлээ.
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Баярсайхан “Нийслэлийн Засаг даргын “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн хүрээнд жижиг бизнес эрхлэгчдийг түлхүү дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллах зэрэг найман том зорилтыг тавин ажиллаж байна. Үүнээс хамгийн том ажил маань “Улаанбаатарт үйлдвэрлэв” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэж ярилаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 1 сарын 25
Архангай аймгийн Тариат сумаас Цахир сумын хооронд замын зорчих хэсэг нарийсч, нэг урсгалтай болжээ.
-
2017 оны 1 сарын 25
Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр, гэрийн нөхцөлд өнгөрүүлж дотоод орчны агаараар амьсгалдаг.
Иймд цэвэр агаараар амьсгалах нь хүний эрүүл байх үндэс юм.
Дэлхийн хэмжээнд 3 тэрбум гаруй хүн хатуу түлшийг халаалт болон хоол унд хийх зориулалтаар ашиглаж байгаа нь амьсгалын болон архаг өвчлөл, гуурсан хоолойн багтраа зүрх судасны өвчлөл мөн бага жинтэй төрөлт болон дутуу төрөлтөд сөргөөр нөлөөлдөг байна.
Дотоод орчны агаарын бохирдолд бүх хүн өртөх ба эрүүл мэндийн байдал, нас, ажил мэргэжлийн онцлог хүчин зүйлээс хамааран өртөх хугацаа гадаад орчноос ялгаатай байна.
Манай улсад ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2008 онд хийсэн дотоод орчны агаарын чанарыг үнэлэх судалгаагаар дотоод орчны агаарын чанарт түлш болон сууцны төрөл нөлөөлж байгаа нь тогтоогджээ.
Том болон нарийн ширхэглэгт тоосонцрын дундаж агууламж түлш болон орон сууцны төрлөөс үл хамааран хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх хэмжээнд байсан бол түүхий нүүрс түлсэн гэр, галладаг байшин амьдардаг өрхийн дотоод орчны хүхэрлэг хий, азотын давхар ислийн дундаж агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байсан байна. Тус судалгааны үр дүнгээр дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зайлшгүй шаардлагатайг зөвлөжээ.
Дотоод орчны агаарын бохирдлын эх үүсвэр
Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт гадаад орчны агаарын бохирдол, гэрт гал түлэх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, тамхины утаа, барилгын материал болон тавилга, тамхины утаа, агааржуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.Эдгээр дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд зэрэг бохирдуулагч бодисууд нь арьс, амьсгалын замаар хүний биенд нэвтэрч уушигны хатгалгаа, бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог.
Амьсгалаар ордог тоосонцор:Тоосонцрын диаметр 10 микроноос бага хэмжээтэйг амьсгалааар ордог тоосонцор гэдэг бөгөөд эдгээр нь харилцан адилгүй эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг.
PM2,5болон PM10нь амьсгалаар ордог тоосонцрууд бөгөөд тэдгээрийн диаметр нь хэт бага учраас амьсгалын дээд замаар нэвтрэн орч, уушигны цулцанд хүрч удаан хугацаагаар байдаг. Түүнчлэн нарийн ширхэглэгт тоосонцрууд нь олон төрлийн химийн элемент агуулдаг учраас төрөл бүрийн хавдар үүсгэх магадлалтай.
Нүүрстөрөгчийн дутуу исэл: Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбоди, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг.
Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг. 2014 онд хийсэн судалгааны үр дүнгээр нүүрсний дутуу шаталтаас үүсч байгаа бохирдуулагчид нь дутуу төрөлттэй хамааралтай байгааг тогтоожээ.
Тамхины утаа: Тамхины утаа нь дотоод агаарын бохирдлын нэг гол хүчин зүйл юм. Агааржуулалт, агаарыг шүүх зэрэг нь дангаараа буюу хосолсон ч дотоод орчин дах тамхины утаанд өртөх өртөлтийг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах боломжгүй.
Нийслэлийн дотоод орчны агаарын бохирдлын агууламжийн хэмжээ нь халаалтын төхөөрөмж, тамхидалт зэргээс голчлон хамаардаг байна. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар 2 өрх тутмын 1-д тамхи татдаг хүн амьдардаг гэсэн дүгнэлт гарсан байна.
Дотоод орчны агаарын бохирдлын хэмжээ нь өвлийн улиралд тамхи татдаггүй орчинд бага байна. Иймээс гэртээ галладаг, тамхи татдаг тохиолдолд эрүүл мэндэд учрах сөрөг төдий их байна гэсэн үг юм. Тамхины утаа нь бүх насны хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ба тухайлбал эцэг эх нь тамхи татдаг хүүхэд хатгалгаа, гуурсан хоолойн багтраа, ханиалга, амьсгаадах, амьсгал давчдах буюу багтраа, дунд чихний үрэвсэл болон насанд хүрсэн хойноо зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл илүү байдаг.
Барилгын материал болон бусад эд зүйлсээс ялгарах химийн бодисууд: Тохилог сууц ялангуяа орон сууцны агаарын бохирдлын гол эх үүсвэрт орчин үеийн барилгын материал, дотоод засал чимэглэл, тавилга болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд ордог.
Олон төрлийн барилгын материал, дотоод засал чимэглэлд ашиглаж буй материал болон бусад эд зүйлсээс барилгын дотоод орчинд ялгарч агаарыг бохирдуулдаг олон хортой дэгдэмхий органик нэгдлүүд байдаг.
Ацетон, метил,бензол, толуол, үнэрт нүүрстөрөчид, альдегид, кетон зэрэг нэгдлүүд үүсдэг ба эдгээр нь хурц нөлөөлөл буюу нүд загатнах, амьсгалын замын эмгэг, толгой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд үүсгэдэг бол архаг нөлөөлөл буюу элэг, бөөр, цусны эргэлтийн болон төв мэдрэлийн тогтолцоог гэмтээх сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна.
Хүснэгт 1. Барилгын материал болон бусад эд зүйлсээс ялгарах химийн бодисууд
№ Материалын нэр Материалаас ялгарах бодисын нэр
1. Винил хавтан болон тааз Фталат эфир
2. Хулдаас C5-C11 альдегид болон хүчлүүд
3. Гуалин зүсэх хавтан Формальдегид ба, бусад альдегидууд, кетоны нэгдэл
4. Цахилгаан кабел Ацетон, диметилбензол
5. Хивс Стирол
6. Будаг Этилен гликол,
7. Будаг шингэлэгч С7-C12 алканууд
8. Будаг арилгагч Метилен хлорид
9. Цавуу Бензол, алкил бензол
10. Чигжээс Кетон, эфир, гликол
11. Цэвэрлэгч Төмрийн хүдэр
Шинээр баригдсан буюу засвар хийгдсэн барилгын лакадсан материал, хулдаас, цавуунаас ойролцоогоор 6 сарын турш химийн нэгдлүүд ялгардаг учраас орон байрны агаарт ДОН-ийн агууламж өндөр байдаг бөгөөд эдгээр нь оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтой бөгөөд энэхүү нөлөөллийн дүн гарах эрүүл мэндийн үр дагаврыг анагаах ухааны нэршлээр “барилгынөвчин“гэж нэрлэдэг.
Зарим дэгдэмхий болон хагас дэгдэмхий органик нэгдлүүдийн хүний биед үүсгэх хурц хордлогын үед илрэх шинж тэмдгүүд болон эрүүл мэндэд гарах сөрөг үр дагаварыг хүснэгт 2-т үзүүлэв.
Хүснэгт 2. Богино болон урт хугацаанд ДОН-ийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл
№ Бодисын нэр Хордох замууд Хурц хордлогын үед илрэх шинж тэмдгүүд Эрүүл мэнд үзүүлэх нөлөөлөл
1 Бензол Амьсгалын зам, залгих, арьс ба нүдэнд хүрэх Нүд, арьс, хамар, хоолой үрэвсэх; толгой өвдөх, дотор муухайрах, хөл гуйвах, стрессэд орох; хоолонд дургүй болох, арьс хавагнах, ядрах.
Цочмог лейкеми
Генийг хордуулах
2 Формальдегид
Амьсгалын зам болон арьс салстад хүрэх
Нүд, хамар, хоолой үрэвсэх, ханиалгах, нулимс гоожих
Мэдрэхүйн үрэвсэл
Хамрын хавдар
3 Трихлорэтилен
Амьсгалын зам, арьсанд шингэх, арьс ба нүдэнд хүрэлцэх, залгих
Нүд, арьс цочрох; толгой эргэх; харааны эмгэг өөрчлөлт, ядрах, чичрэх, дотор муухай оргих, бөөлжих; үрэвсэх; зүрхний хэм алдагдах, бие чилэх, бадайрах; элэг гэмтэх; Төв мэдрэлийн системийг гэмтээх, элэг хавдар
4 Фенол Амьсгалын зам, арьсаар нэвчих, залгих, арьс ба нүдэнд хүрэх Нүд, хамар, хоолой үрэвсэх; хоолонд дургүй болох, жин хасагдах, бие сулрах, булчин өвдөх, бие өвдөх, шээс бараан гарах, арьс хөхрөх, элэг, бөөр гэмтэх, арьс түлэгдэх, арьс үрэвсэх, арьсан дээр бараан өнгийн нөсөө үүснэ, чичэргээ, татвалзах, татганах Элэг, бөөрийг гэмтээх, мэдрэлийн эсийг хордуулах
5 Стирол Амьсгалын зам Лейкеми, лимфома, цагаан эсийн генийн гэмтэл, лимфоцит, нойр булчирхайн болон улаан хоолойн хавдар
6 Толуол
Амьсгалах, залгих, арьс ба нүдэнд хүрэх Нүд, хамар, хоолой үрэвсч толгой өвдөх, эргэх болон хордлогын бусад шинж тэмдгүүд Ой санамж муудах, анхаарал сарних зэрэг мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөх, өнгө ялгах, сонсох чадвар муудах
7 1,2 Дихлорэтан Амьсгалын зам, залгих, арьс ба нүдэнд хүрэлцэх Нүд, арьс улайх, амьсгалын замын эрхтнүүдийг цочроох Төв мэдрэлийн систем болон элгийг хордуулна
8 Дихлорметан Амьсгалын зам, залгих, арьс ба нүдэнд хүрэх Сэтгэцийн өөрчлөлтийн шинж тэмдгүүд илэрнэ
2013 онд хийгдсэн судалгааны үр дүнгээр орон сууцны шал болон барилгын бусад материалын шинж чанараас хамааран дотоод орчны агаарт ДОН-ийн агууламж ихэссэнээр оршин суугчдын толгой өвдөж ядрах, нүд болон хоолой үрэвсдэгийг тогтоосон байна.
Тухайлбал: Толоулын бохирдолд өртөхөд нүд, хамар, хоолой үрэвсч, толгой өвдөх, эргэх болон хордлогын бусад шинж тэмдгүүд илэрдэг. Судалгаагаар 4.5-7 цагийн турш агаарт 189-566 мг/м3 толоулын агууламжтай өрөөнд байхад эрүүл насанд хүрэгчдийн дунд нүд, хамар, хоолойн үрэвсэл болон толгой өвдөх, толгой эргэх, хордлогын шинжүүд илэрдэг.
Бензолын өртөлт нь бронхит, багтраа болон амьсгаа давчдах зэрэг хүүхдийн амьсгалын замын өвчин үүсэхэд нөлөөлдөг байна.
Монгол Улсад органик болон органик бус бодисын хүлцэх хэмжээг агаарын чанарын MNS 4585:2007 болон MNS 5885:2008 стандартуудаар нормчилсон байдаг. Мөн 2008 оны Барилгын тухай хуулийн 10.1.6-д ... хорт хийн ... бохирдлоос хүрээлэн байгаа орчныг хамгаалах, 11.1-д барилгын материал, бүтээгдэхүүнд тавих шаардлагыг хангасан байх ёстой гэж заасан байдаг.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль (2008)-ийн 31.2-т зааснаар ажил олгогч нь ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрт химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд 1-ээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тус тус хийлгэж байхаар заасан нь ажиллагсдыг ажил мэргэжлийн улмаас тэдгээр хортой нөлөөллөөс сэргийлэх эрх зүйн орчин болж байна.
Гэтэл орон сууцыг шинээр барьсан болон өөрчлөн засварласан барилгыг ашиглалтанд оруулахын өмнө дотоод орчны агаарын чанар болон бусад үнэлгээ хийх талаар эрх зүйн орчин бүрдээгүй бөгөөд ийм үнэлгээ хийгдэхгүй байгаагаас оршин суугчид тэдгээр ДОН болон бусад барилгын материалаас ялгарах хортой нөлөөлөлд өртөх эрсдэлд хүргэж болзошгүй байна.
Цаашид барилга байгууламжийг шинээр барьж, өөрчлөн засварлан ашиглалтанд оруулахдаа дээр дурдсан стандартад заасан дотоод орчны агаар бохирдуулагчийн агууламжид тавих хяналтыг сайжруулснаар хүн амыг химийн хортой бодисын нөлөөлөлд өртөхөөс сэргийлж, эрүүл мэндийн эрсдлээс хамгаалах нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
-
2017 оны 1 сарын 25
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 настай хүүхдийн хэрэглэдэг 10 нэр төрлийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Тодруулбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг 100 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэсэн.
-
2017 оны 1 сарын 25
”Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагын зүгээс 2016 оны дэлхийн Авлигын төсөөллийн индексийг зарлалаа. Монгол Улсын хувьд 2015 онд 39 оноогоор 168 орноос 72 дугаар байранд орж байжээ. Гэтэл 2016 онд 38 оноогоор 176 орноос 87 дугаар байранд оржээ. Өнгөрсөн оноос 15 байраар ухарсан үзүүлэлттэй байна. Монгол Улстай ойролцоо оноо авсан улс орныг дурдвал Ямайк, Панам, Замби, Колумб, Индонез улсууд байгаа аж.
Энэхүү төсөөллийн индексээр хамгийн сайн буюу 90-ээс дээш оноог Дани, Шинэ Зеланд, Финланд авчээ. Харин сүүлийн байранд Ливи, Судан, Хойд Солонгос, Өмнөд Судан, Самал улс оржээ.
Эдгээр улс хамгийн бага оноо авах хүчин зүйлд мөн л мэдээллийн системийн эрх чөлөө, нийтийн албан тушаалтны ёс зүйн журам гэсэн үзүүлэлт нөлөөлжээ. Харин Монгол Улс авлигын энэ индексээр ухарсаар байгааг анхааруулав.
-
2017 оны 1 сарын 25
Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварын өвчлөл тодорхой хэмжээгээр буурч, дүүргийн эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 24-ний байдлаар, амбулаторийн 83955 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6325 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар буурчээ.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд, нийт батлагдсан 1897 орон дээр 1742 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байна. Шинээр хэвтсэн өвчтөний 110 буюу 38.7 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлжээ. Харин нийт өвчлөгсдийн 80.96 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.
Хүүхдийн түргэн тусламжийн 1061 дуудлага ирснээс 39.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Томуу, томуу төст өвчлөлийн хамгийн өндөр үзүүлэлтээр нь авч үзвэл, Багануур дүүрэгт 11.6 хувь, Чингэлтэй дүүрэгт 8.7 хувь, Сүхбаатар дүүрэгт 8 хувийг тус, тус эзэлж байна.
Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлт үзлэг, утасны зөвлөгөөг сайжруулж, хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаархи зөвлөгөө, өвчтэй хүүхдийн асаргаа сувилгаа зэрэг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийх ажлуудаа эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 25
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ”Шунхлай” ХК-ны шатахуун түгээх станцын талбайд Б-нь Г-тэй марган, улмаар цохиж, хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Баянхонгор аймгийн Прокурорын газраасМонгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүхээс 6 удаагийн ял шийтгэлтэй, хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдэжбайсан Б-г шүүхээс онц, аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 10 жил 6 сар 10 хоногийн хорих ял оногдуулан, ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
-
2017 оны 1 сарын 25
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Аялал жуулчлалын төв болгох зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр 10 гаруй ажлыг төлөвлөсөн бөгөөд гадаадын жуулчид, үндэсний соёл урлаг, үзвэр үйлчилгээ үзэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ тэдний тав тухтай зорчин ямар нэг эрсдэлд өртөхгүй байх нөхцөлийг хангах нь аялал жуулчлалыг хөгжүүлэх бас нэгэн үйл ажиллагаа болох юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байна. Энэ санамж бичгийн хүрээнд
хотын аялал жуулчлалын бүсэд аяллаар ирсэн гадаадын иргэдийг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж, жуулчдад үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудын ажилчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн чиглэлээр сургалт, семинарыг үе шаттай зохион байгуулж, гарын авлага материалыг хамтран бэлтгэх
Цагдаагийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэг, харилцааны соёлыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, “Оюутан цагдаа” арга хэмжээг үргэлжлүүлэн явуулах
иргэн, жуулчид ихээр сонирхон оролцож байгаа нийтийг хамарсан арга хэмжээ болон Горхи. Тэрэлжийн амралт, аялал жуучлалын бүс, Туулын голын эргээр хэв журам сахиулах морин, завьт, машинт эргүүлийг аялал жуулчлал, амралтын улиралд тогтмол ажиллуулах
Жуулчны бааз, амралтын газар, шөнийн клуб, ресторан, паб, зочид буудал зэрэг газруудын харуул, хамгаалалтын албаны үүрэг хариуцлагыг өндөржүүлж, зөвшөөрөл, гэрээнд нь гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангахад санаачилгатай ажиллах, такси дуудлага, хаяг байршлын лавлагаа туслалцаа өгүүлж байх үүргийг тусгах, хяналт тавих зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулна
Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь жуулчны аюулгүй байдлыг хангах гадаадын жуулчдад эрүүл мэнд, онцгой байдлын шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор мөн санамж бичгийг байгуулсан байна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд 3 дахь жилдээ зохион байгуулсан, цагдаагийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт, зочид буудал, жуулчны баазын стандарт, аюулгүй байдлыг хангах сургалт, урьдчилсан хяналтыг хийх зэрэг ажлыг зохион байгуулж ажиллаж байсан гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.