
АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) жин хасах болон чихрийн шижингийн эмчилгээний зориулалтаар өргөн хэрэглэдэг GLP-1 бүлгийн эм, тариа үйлдвэрлэгчдэд ховор тохиолддог ч хараагүй болгох эрсдэлтэй нүдний өвчний талаар анхааруулгыг эмийн шошгонд нэмж оруулахыг үүрэг болгожээ.
Тодруулбал, Ozempic, Wegovy, Mounjaro болон Zepbound эм, тариа үйлдвэрлэгчид нүдний харааны мэдрэлийг цусаар хангадаг судас бөглөрч, хүчилтөрөгчийн дутагдалд орсноор үүсдэг артерийн бус урд ишемийн оптик нейропати (NAION) өвчний талаар хэрэглэгчдэд анхааруулах шаардлага үүсээд байгаа ажээ. Энэ өвчний үед нэг нүдний хараа гэнэт, өвдөлтгүйгээр муудах бөгөөд зарим тохиолдолд хараа бүрмөсөн алдагдах эрсдэлтэйг FDA мэдээлжээ.
Гэхдээ Америкийн Нүд судлалын академи BBC-д өгсөн тайлбартаа, уг эмүүдээс шалтгаалах эрсдэл маш бага байж болзошгүй бөгөөд GLP-1 бүлгийн эмүүд NAION өвчнийг шууд үүсгэдэг нь одоогоор бүрэн тогтоогдоогүй гэдгийг онцолсон байна. Тус академиас чихрийн шижин, таргалалт, зүрхний өвчтэй хүмүүст GLP-1 бүлгийн эм, тарианууд чухал ач холбогдолтой тул эмчтэйгээ зөвлөлдөхгүйгээр эмийн хэрэглээгээ зогсоохгүй байхыг зөвлөжээ. Харин нэг нүдний хараа гэнэт, өвдөлтгүй муудсан тохиолдолд нүдний эмчид яаралтай хандах шаардлагатай аж.

NAION өвчний улмаас алдагдсан харааг сэргээх батлагдсан эмчилгээ одоогоор байхгүй. Энэ нь 50-аас дээш насныхны дунд харааны мэдрэлийн гэнэтийн гэмтлийн хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм. FDA GLP-1 бүлгийн эм хэрэглэгчдийн дунд бүртгэгдсэн NAION өвчний тохиолдлууд болон бусад судалгааны үр дүнг нарийвчлан шалгасны үндсэн дээр эдгээр эмийг хэрэглэж буй хүмүүст уг өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдэж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Харин Wegovy эмийг үйлдвэрлэгч "Novo Nordisk" компани судалгааны мэдээлэл нь эм болон өвчний хооронд шууд шалтгаант холбоо байгааг батлаагүй гэж мэдэгджээ. Тус компанийн зүгээс өвчтөнүүдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, эмийнхээ аюулгүй байдлыг үргэлжлүүлэн хянаж байгаагаа илэрхийлсэн байна.
FDA-ийн мэдээлснээр, GLP-1 бүлгийн эмийг таргалалт болон хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг хүмүүс NAION өвчний бусад эрсдэлт хүчин зүйлтэй байх боломжтой тул эмийн нөлөөг дангаар нь тогтооход хүндрэлтэй байгаа аж. Эдгээр эмүүдийн шошгонд нойр булчирхайн үрэвсэл, цөсний хүүдийн өвчин зэрэг бусад гаж нөлөөний талаар анхааруулга аль хэдийн орсон байдаг. Мөн GLP-1 бүлгийн олон эмийн үндсэн найрлагад ордог семаглутид бодис нь дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх зэрэг гаж нөлөө үүсгэж болзошгүй юм.
Өнгөрсөн онд Европын Холбооны Эмийн агентлагийн аюулгүй байдлыг хянах байгууллага семаглутид хэрэглэж буй 10 мянган хүн тутмын нэг хүртэлх нь NAION өвчнөөр өвчлөх магадлалтай гэж мэдээлж байжээ. Түүнчлэн хоёр жилийн өмнө 17 мянган өвчтөнийг хамруулсан АНУ-ын судалгаагаар семаглутид хэрэглэж буй хүмүүс уг эмийг хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад NAION өвчнөөр оношлогдох магадлал дөрөв дахин өндөр байгааг тогтоосон байна.
Гэвч судалгааны зохиогчдын нэг, Харвардын Анагаахын сургуулийн нүд судлалын профессор Жозеф Риззо уг үр дүнг анхаарал татахуйц боловч урьдчилсан шинжтэй гэж тодорхойлж, эм болон нүдний өвчний хоорондын хамаарлыг илүү олон төрлийн хүн амыг хамруулсан судалгаагаар нарийвчлан тогтоох шаардлагатайг онцолжээ.
Эх сурвалж: BBC
Л.Баяр






















































