
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нийг дэлхийн олон оронд Ганц биечүүдийн өдөр буюу “Singles' Day” хэмээн тэмдэглэдэг. Анх Хятадын их сургуулийн оюутнуудын дунд үүссэн энэ өдөр өдгөө дэлхийн хамгийн том онлайн худалдааны өдрүүдийн нэг болжээ.
Ганц биечүүдийн өдрийн уламжлал 1993 онд БНХАУ-ын Нанжин их сургуулиас эхлэлтэй гэж үздэг. Тухайн үед ганц бие оюутнууд өөрсдийн амьдралын хэв маягийг тэмдэглэж, найз нөхөдтэйгөө уулзах, бэлэг солилцох, хамтдаа цагийг өнгөрүүлэх зэргээр энэ өдрийг тэмдэглэдэг байжээ.
Харин арваннэгдүгээр сарын 11-нийг сонгосон нь уг өдрийн бичиглэл болох 11.11 дэх дөрвөн нэгийн тоо ганц бие хүнийг бэлгэддэгтэй холбоотой. Хятадад энэ баярыг “Гуан Гүнь Же” буюу ганц биечүүдийн өдөр гэж нэрлэдэг. Энэхүү уламжлал 2009 онд худалдааны томоохон арга хэмжээ болон өргөжсөн юм. Тодруулбал, Хятадын цахим худалдааны Alibaba компани арваннэгдүгээр сарын 11-нийг онлайн худалдааны хямдрал, урамшууллын өдөр болгон зарласнаар “Double 11” нэртэй худалдааны фестиваль бий болжээ.
Үүний дараа "JD.com", "Pinduoduo" зэрэг бусад томоохон худалдааны платформ нэгдэж, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, цахилгаан бараа, гэр ахуйн хэрэгсэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд хямдрал зарлах болсон байна. Өдгөө энэ арга хэмжээ зөвхөн нэг өдрөөр хязгаарлагдахаа больж, зарим худалдааны платформ хэдэн долоо хоногийн турш хямдрал, урамшуулал зарладаг болжээ.
Сонирхолтой нь, ганц бие хүмүүсийн баяр хэмээн эхэлсэн энэ өдөр худалдааны томоохон арга хэмжээ болохын зэрэгцээ хосуудын болзоо, хурим хийх өдөр ч болон өргөжсөн байна. Ийнхүү анх ганц бие амьдралаа тэмдэглэх зорилготой байсан оюутнуудын санаачилга дэлхийн худалдааны салбарын томоохон үзэгдэл болж хувирчээ.
Л.Баяр






















































