
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд дэлхийн олон оронд Дэлхийн нэгдүгээр дайныг зогсоосон гал зогсоох хэлэлцээрийг дурсаж, дайнд амь үрэгдсэн цэргүүд болон энгийн иргэдэд хүндэтгэл үзүүлдэг. 1918 оны арваннэгдүгээр сарын 11-ний өглөөний 11:00 цагт Францын Компьень хотын ойролцоо байгуулсан гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Дэлхийн нэгдүгээр дайны баруун фронт дахь байлдааны ажиллагаа зогссон юм. Түүхэнд энэ өдрийг "Armistice Day" буюу гал зогсоосон өдөр хэмээн нэрлэдэг.
Уг хэлэлцээрийг 1918 оны арваннэгдүгээр сарын 11-ний өглөөний 05:10 цагт Германы төлөөлөгчид болон Холбоотнуудын тал Францын Компьень ойн төмөр замын вагонд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд 11:00 цагаас хэрэгжиж эхэлжээ. Ийнхүү баруун фронтод 1,567 хоног үргэлжилсэн тасралтгүй байлдааны ажиллагаа зогссон байна.
Дэлхийн нэгдүгээр дайн 1914 оны долоодугаар сард эхэлж, Европоос хальж дэлхийн олон бүс нутгийг хамарсан томоохон зэвсэгт мөргөлдөөн болсон юм. Дөрвөн жил гаруй үргэлжилсэн дайнд олон сая хүн амь үрэгдэж, хэдэн арван сая хүн шархдаж, тахир дутуу болжээ.
Гэхдээ арваннэгдүгээр сарын 11-ний гал зогсоох хэлэлцээр нь дайныг албан ёсоор дуусгасан энхийн гэрээ биш байв. Германтай байгуулсан Версалийн энхийн гэрээнд 1919 оны зургаадугаар сарын 28-нд гарын үсэг зурснаар дайны дараах энхийн зохицуулалтын гол үе шат эхэлсэн юм.
Өнөөдөр энэ өдрийг Их Британи болон Хамтын нөхөрлөлийн орнууд Remembrance Day буюу Дурсамжийн өдөр, АНУ Veterans Day буюу Ахмад дайчдын өдөр болгон тэмдэглэдэг. Зарим оронд 11 дүгээр сарын 11-ний 11:00 цагт хоёр минут чимээгүй зогсож, дайнд амь үрэгдсэн хүмүүсийг хүндэтгэх уламжлалтай.
Австралид энэ жилийн дурсгалын ёслолд Канберра хот дахь Үндэсний дайны дурсгалын цогцолборт 1,000 гаруй хүн оролцжээ. Тус улсын Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон 60,000 орчим цэрэг амь үрэгдсэн бөгөөд өнөөдөр улс орон даяар дурсгалын арга хэмжээ зохион байгуулж байна. Энэхүү өдөр нь зөвхөн нэгэн дайны төгсгөлийг тэмдэглэхээс гадна дайны хор уршиг, хүний амь насны үнэ цэн, энх тайвны ач холбогдлыг эргэн сануулах түүхэн өдөр юм.
Л.Баяр






















































