Өнөөдөр Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой тохиож байна. Энэ ойн өдөр Гадаад хэргийн яаманд Францын алдарт соён гэгээрүүлэгч Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” хэмээх номын II дахь хэвлэлийн нээлтийн ёслол боллоо.
Ёслолын арга хэмжээг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Делунэ нар нээж үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлсэн үгэндээ “Хуран цугласан Та бүхэнд юуны өмнө ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдрийн баярын мэнд хүргэе.
Мөн 2015 оны босгон дээр Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн эхний арга хэмжээ нь Жан Жак Руссог хамгийн ихээр алдаршуулж, нэрийг нь мөнхжүүлсэн Та бүхэнд толилуулж буй “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” сонгодог бүтээлийн нээлтээр эхэлж байгаад олзуурхаж байна.
Энэхүү бүтээлээс та бүхэн хүн төрөлхтөний хамгийн гарамгай сэтгэгчид мэргэн оюунаа уралдуулсаар ирсэн эрх чөлөөг дээдлэх үзэл, хууль дээдлэх ёс, ардчилсан төрийн талаар гайхамшигтай үндэслэл, нотолгоог олж мэдэх болно. Цухас дурдваас, аливаа хүчирхийлэл, эсхүл хэсэг бүлэг хүмүүс төр, засгийг бий болгодоггүй болохыг тэрбээр нотлон харуулахыг зорьсон юм. Үлгэрлэвэл, бүлэг дээрэмчид, эзлэн түрэмгийлэгч цэрэг арми, ерөөс таныг харанхуй гудамжинд дээрэмдэж буй зэвсэглэсэн этгээд таныг захирахын тулд хүч хэрэглэх нь бий. Гэвч тэднийг хэн ч “төр” хэмээн хүлээн зөвшөөрдөггүй. Төр, засгийн бас нэг шинж бол хууль ёсны засаглагч болох тухай асуудал юм. Жирийн нэг дээрэмчин бол таныг “түрийвчээ өг, үгүй бол эрх чөлөөнд чинь халдана” хэмээн заналхийлдэг болохоос хэзээ ч “түрийвчээ өг, тэр чинь надад хуулиар олгогдсон миний эрх” гэж хэлдэггүй. Гэтэл төрөөс танд татварын тооцооны хуудас илгээхдээ, цэргийн албанд татахаар зарлан дуудах хуудас хүргүүлэхдээ, эсвэл улаан гэрлээр гарахад зогсохыг тушаахдаа, жолооны үнэмлэхтэй байж машин барина шүү гэсэн шаардлага тавихдаа таныг захирах эрх мэдлийг хууль ёсоор олж авсан байдаг. Харин “яагаад” гэсэн асуултын хариултыг та уг номноос олж аваарай.
Эцэст нь хэлэхэд цөөн хэдэн үгээр “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” хэмээх энэхүү гайхалтай бүтээлийн үнэ цэнэтэй санаа бүрийг илэрхийлэх бололцоо байхгүй билээ. Тиймээс номыг эхнээс нь дуустал уншиж, мэргэн оюундаа шүүн тунгаах боломжийг уншигч абугай танд үлдээе. Онцлон хэлэх гэсэн нэг зүйл бол уг бүтээл дэлхийн анхны Үндсэн хууль болох АНУ-ын Үндсэн хуулиас эхлэн бусад ардчилсан улс орнуудын Үндсэн хуулийн үзэл санааны язгуур үндэс болсныг тэмдэглүүштэй” гэлээ.
Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Делунэ хэлсэн үгэндээ “Юуны өмнө Монголын нийт ард түмэнд Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Өнөөдөр бид энд гурван учир шалтгааны улмаас цуглараад байна.
Нэгдүгээрт, Улс төрийн гүн ухаан, дэлхийн соёлын өвийн томоохон бичвэрүүдийн нэг бөгөөд эрх чөлөө, тэгш эрх, нийтийн сайн сайхан зэрэг бидний хамгийн үнэт ухагдахуунд тулгуурлан, ард түмний бүрэн эрхт байдлын зарчмыг бататган ардчиллын үзэл санааг тэжээн тэтгэж байдаг Францын нэрт соён гэгээрүүлэгч Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд” номын 2 дахь хэвлэлтийг танилцуулж байна.
Хоёрдугаарт, Жан Жак Руссогийн уг бүтээл Франц улс болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, олон арга хэмжээ зохиогдох 2015 оны босгон дээр монгол хэлээр дахин хэвлэгдэж буй нь нэн тааламжтай байна. Ижил үнэт зүйлстэй ардчилсан, анд нөхөд улсууд болсон нь өнөөдөр манай хоёр орны харилцааны гол үндэс нь болж буйг энэхүү хэвлэлтээр дамжуулан сануулах нь зүйтэй болов уу. Хэдийгээр хоёр өөр тивд оршдог ч бидний хамтын ажиллагааг энэ үнэт зүйлс ойртуулан холбож байдаг. Учир нь ардчилал бол нэг талаас Монгол Улс, нөгөө талаас Франц улс болоод Европыг холбож буй бат гүүр мөн.
Гуравдугаарт, Саяхан Франц улсад болсон аймшигт үйл ажиллагаа нь хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг эсэргүүцсэн үйл явдал байлаа. Үүнийг Монгол, Франц улс аль аль нь буруушааж байгаа.
Энэхүү бүтээлийг дахин хэвлэхэд санаачилга гарган ажилласан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, орчуулагч Р.Янжмаа, сайд Л.Пүрэвсүрэн болон энд хүрэлцэн ирсэн бүхий л салбарын хүмүүстээ баярлалаа.
Тус бүтээл эдүгээгээс 25 жилийн тэртээ Монголын ард түмний сонгосон ардчиллыг бататган бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэв.