
-Таны анх дуулж амьдруулсан "Алтан намар" дуугаар намар цаг эхэлж, навчис шарласныг мэдэрдэг. Энэ дууныхаа талаар эхлээд яривал сонин байна?
-Нэгэнт байгаль дэлхийтэй хүйн холбоотойн хувьд хүн болгон Монгол орныхоо дөрвөн улиралд дуртай байдаг байх. Магадгүй, би өөрийн уран бүтээлд хөтлөгдсөн ч байж болох. Ямартай ч намрын улиралд би дуртай. Гунигтай юм шиг мөртлөө ногоо цагаа боловсорч, хүн зоны амьдрал буцлаад л ер нь сайхан. Миний уран бүтээлд ч намар цаг өөрийн байр суурьтай. "Алтан намар"-аас эхлээд "Хар ус нуурын шагшуурга" гээд олон дуу бий. Тухайн үед буюу 1982 онд "Алтан намар" хөгжмийн наадам улсын хэмжээнд анх зохиогдоход намрын тухай дууны уралдаан зарласан юм. Энд шалгарсан дууг тус наадмын сүлд дуу болгох зорилготой байсан юм билээ. Би энд Л.Мөрдорж, Д.Шажинбат нарын "Намрын баяр", "Н.Жанцанноров, Б.Цэдэв нарын "Алтан намар" дууг дуулж оролцсон. Энэ хоёр дуунаас "Алтан намар" дуу шалгарч, наадмын сүлд дуу болсон. Түүнээс хойш "Алтан намар" хөгжмийн наадмыг энэ дуугаар нээдэг болсон түүхтэй. Одоо 31 дэх жилдээ эгшиглэх гэж байна.
-Та намрын ажилд оюутан ахуй цагтаа оролцож байв уу?
-Урлагийн сургуульд суралцаж байсан болохоор тэр бүр оролцож явсангүй. Харин урлаг уран сайхны ажлаар хүрээгүй газар, очоогүй аймаг, сум гэж бараг үгүй дээ. Хилийн хязгаар, малчны хот, тариан талбай, бүтээн байгуулалт гээд хаана л хүн ажиллаж байна тэнд очихоор нам, эвлэлийн уриагаар явдаг байлаа. Тэр үед хүн зон найрсаг сайхан хүлээж авч, юу байгаагаараа дайлж цайлдаг байж. Сүүлийн үед юм болгоныг мөнгө цаас, зоосны нүхээр хардаг болчихоод монгол хүний тэр зочломтгой сайхан зан чанар алдагдаж байгаад ахмад хүний хувьд эмзэглэж л явдаг. Замын айлд ороод аяга цай уухад л хэдэн төгрөг салгах маягтай. Гэхдээ бүгдээрээ биш л дээ. Хотод гэхэд автобус унаанд суухад босч хүндлэх нэгэн байхад, зарим залуу хүн буруу хараад суучих жишээтэй. Ахмад настан, ахас ихэсээ хүндлэх нь монголчуудын маань мартаж болшгүй том соёл юм шүү.
-"Тунгалаг Буянт" бол таныг олон түмэнд таниулсан чухал уран бүтээлийн тань нэг. Энэ дууг анх хэрхэн дуулж байв. Дурсамжаасаа хуваалцана уу?
-Тэр үед аймгуудын соёл урлагийн өдрүүд болдог байлаа. 1954 онд манай Ховд аймгийн Хөгжимт драмын театрын өдрүүд нийслэлд болох гээд Д.Лувсаншарав, Л.Ванган нарын томчууд очиж манайхныг бэлтгэсэн юм. Би дунд сургуулийн наймдугаар ангийн хүүхэд байлаа. Аймгийнхаа уран бүтээлчдийн урын сангаас оруулах шаардлага байсан юм болов уу даа. Манай аймгийн театрын хөгжимчин Балдан, зохиолч Лхашид гэж ах нар байсан юм. Тэд энэ театрынхаа өдрүүдэд зориулж нэг дуу хийсэн нь "Тунгалаг Буянт" юм. Д.Лувсаншарав багш намайг энэ дууг дуул гээд. Энэ сайхан голынхоо эрэгт Монголын тугалаасаа ялгагдахгүй хүрэн бор багачууд өсч торнисны нэг нь би болохоор дуртай нь аргагүй хүлээж авсан. Миний сэтгэлд одоо ч ойрхон байдаг дууны маань нэг нь энэ. Би энэ дууг Берлин, Варшав, Прагад дуулж, Чайковскийн нэрэмжит урлагийн сургуульд шалгалт өгч тэнцэж байлаа. Тийм болохоор миний уран бүтээлд том байр суурьтай гэж хэлж болно. Түүгээр ч барахгүй Монголын ард түмний оюуны сан хөмрөгт багтсаны хувьд энэ дуугаа дуулсны 50 жилийн ойд зориулж тайлан тоглолт хийх гэж байгаа юм.
Цаашдаа ч тунгалаг Буянтаа мөрөн болтол, Хар ус нуураа далай болтол дуулахсан гэж сэтгэлдээ тээж явдаг юм.
-Ховдын соёл урлагийн өдрүүдээр ирж тайзнаа дуулсан нь хамгийн эхний алхам болсон уу?
-1951 онд ардын хувьсгалын 30 жилийн ойгоор Ховдын театрын ах эгч нартайгаа хамт хийслэлд ирж, Төв театрын тайзнаа Тангад, Дорж гэж хоёр дуучинтай хамт "Гурван баатар" дууг дуулж байлаа. Энд л анх мэргэжлийн урлагийн том тайзнаа гарч үзсэн хэрэг. Улсын баяр наадмаар Яармагийн дэнжид долоо хоног баярладаг байлаа шүү дээ. Тэнд маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын өмнө дуулж л явлаа.
-Таны гэр бүлийнхэн бүгд урлагийн хүмүүс байдаг гэсэн. Энэ талаар товч танилцуулна уу?
-Л.Ванган багш Соёлын яамны дэд сайд байхдаа Театр урлагийн дээд сургууль төгсчихсөн, урлагийг бодлогоор хөгжүүлэх зорилготой ажиллаж байж. Тиймээс ирээдүйд дуурь, бүжгийн театртай болно гээд 1955 онд Ташкент, Перм-д балетийн жүжигчнээр бэлтгэх гэж 20-иод хүүхдийг явуулсан байдаг. Тэдний нэг нь манай самган (эхнэр) байсан юм билээ. Төгсч ирээд 30 гаруй жил бүжиглэсний дараа тэтгэвэртээ гарсан. Одоо гэрийн компанийн захирал хийж байна. Том хүү маань ДУДС-ийг уран дархан, дараа нь Ленинградад морин спортын сургуулийг төгссөн. Дунд охин урлаг судлаачаар Ленинградын Театр урлагийн дээд сургууль төгссөн бол бага охин Хөгжим бүжгийн дунд сургууль дүүргэсэн. Одоо Швейцарьт ажиллаж амьдарч байна. Уг нь ёочин хөгжмөөр төгссөн ч одоо хэл шинжлэлч болсон. Зээ нар маань ч бас л хөгжмийн талын боловсролтой болж байгаа.
-Таны уран бүтээлийн замнал хаанаас эхэлсэн бэ. Ховдын театраас уу?
-1961 онд төгсч ирээд Ховдынхоо театрт найрал дууны багшаар нэг жил ажилласны дараа хотод ирж, Хөгжим бүжгийн сургуульд багшилж байлаа. Тэнд мэргэжлийн найрал дуучин бэлтгэхэд хүчин зүтгэж байсан хэрэг. Эндээсээ (1968 онд) улсын филармонид дуучин болж, 20 орчим жил ажилласан байна. Би тус филармонийн анхны дуучин болсноос хойш 50 гаруй жил хамт явна даа. Алдарт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Б.Чойдог болон дуучин Загдсүрэн нартай хамт суралцаж, олон ч жил хамтран ажилласан юм.
-Та хамгийн залуу нь байсан уу?
-Тэгэлгүй яахав. 23-24 настай л төгсч байсан. Би ч нарийндаа аравдугаар анги ч төгсөөгүй хүн шүү дээ. Есдүгээр ангид байхдаа Варшавын залуучуудын наадамд оролцож, "Тунгалаг Буянт"-аа дуулчихаад ирсэн чинь Ардын дуу бүжгийн чуулгынхан, энд үлдчих. Сургуулийг чинь зохицуулж өгнө гээд дуучнаар аваад үлдчихдэг юм байна. Тэгээд тэнд ажиллаж байгаад дараа жил нь Соёлын яамны томилолтоор Чайковскийн нэрэмжит Театр, урлагийн дээд сургуульд явчихсан. Түүгээрээ би алдаагүй, урлагийн алтан шар замд олз омогтой, ард түмэндээ алдар нэртэй сайхан л явна. Удахгүй "Тунгалаг Буянт" уран бүтээлийн тайлангаа хийх гэж байна.
-Таны урын сан арвин биз?
-400-гаад дуу бий. Намайг Монголын урлагт хөл тавиулсан, сургаж хүмүүжүүлсэн ард түмэн, төр засагтаа "төлбөр"-өө хийж явна л гэж ойлгодг хүн.
-Таны дуулж амьдруулсан "Багшаа дуулъя" дууг мэдэхгүй хүн ховор байх. Энэ дууны түүхээс товч өгүүлнэ үү?
-1966 онд манайд багш нарын баярыг тэмдэглэдэг болсон юм. Тэр тэмдэглэлт өдөрт зориулж манай нэрт яруу найрагч Ж.Бадраа үгийг нь бичиж, хөгжмийн зохиолч Ш.Эрдэнэбат аяыг нь зохиож "Багшаа дуулъя" гэж сайхан дуу хийсэн. Энэ дууг дуулах хувь бас надад тохиосонд баярлаж явахын нэг учир нь саяхан МУБИС гэж багшлах боловсон хүчин бэлтгэдэг том сургууль сүлд дуугаа болгосон явдал юм. Дашрамд сонирхуулахад, "Тунгалаг Буянт" дууг манай Ховдынхон бас сүлд дуугаа болгож, хөшөөг нь босгосон шүү дээ. Албан ёсоор зарлаагүй ч гэсэн Д.Цэдэвийн шүлэг, Л.Булганы ая "Насны баясгалан" дуу бол оюутны ширээний ард сууж байсан, сууж байгаа залуу хүн бүрийн сүлд дуу гэж бас омогшиж л явдаг юм. Ер нь манай урлагийн томчуудын зохиосон дууг дуулах, тэдэнтэй нэгэн үед амьдрах аз завшаан тохиосон болохоор би өөрийгөө их хувьтай хүн гэж бодож явдаг юм даа.