
Манай бөхчүүдээс одоогоор эмэгтэйчүүдийн 55 кг-д А.Батцэцэг алтан медаль хүртэж, залуучуудын дэлхийн аварга гэдэг хүндтэй цолыг хүртээд байна. Тэрээр дэлхийн залуучуудын аварга гэдэг цолыг хүртсэн монголын долоо дахь, бүсгүйчүүдийн хувьд гуравдахь бөх болов.
Азийн өсвөрийн болон залуучуудын аварга, дэлхийн залуучуудын аварга цолыг дараалан хүртээд байгаа А.Батцэцэгтээ цол чимгээ улам баяжуулж багш дасгалжуулагч нараа түүний дотор Цэндийн Баярсайхан багшаа, бөх сонирхогчдоо олон сайхан гялалзсан амжилтаар баярлуулсаар байхыг хүсэн ерөөж байна.
Дэлхийн залуучуудын аварга Алтанцэцэгийн Батцэцэг
1994 онд Дархан-Уул аймагт төрсөн. Нийслэлийн Баянгол дүүргийн 47 дугаар дунд сургуулийг 2012 онд төгсөөд ҮБТДС-д элсэн одоо гуравдугаар дамжаанд суралцаж байна.
2007 онд “Хасу-Мегаватт” клубт орж дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхлэжээ.
2010 он спортын мастер, 2014 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн.
Хүүхдийн спортын наадмаас алт, өсвөр үеийн УАШТ-нээс хүрэл, залуучуудын УАШТ-нээс хүрэл, хошой алт, мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-нээс алтан медаль хүртээд байна.
2009 онд Улаанбаатар хотод болсон Олон улсын хүүхдийн спортын монгол туургатны наадмаас алт, 2011 онд Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс 2011 онд Тайланд улсын Бангкок хотод алт, өсвөрийн ДАШТ-нээс Унгар улсын Зомбаттелли хотод мөнгө, Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс 2013 онд Тайланд улсын Пукет хотод хүрэл, 2014 онд Улаанбаатар хотод алт, 2014 онд Хорват улсын Загреб хотод болсон залуучуудын ДАШТ-нээс алтан медаль хүртжээ.
“Mongolia Open” олон улсын тэмцээнээс 2013-2014 онуудад хошой мөнгө, 2014 онд ОХУ-ын Красноярск хотод болдог Миндиашвилийн нэрэмжит олон улсын тэмцээнээс алт, И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртээд байна.
Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдөр (08.09) эрэгтэй чөлөөт бөхийн 50, 60, 74, 96 кг-ын жингүүдийн барилдаан болж манай гурван бөх зодоглосон ч амжилт гаргасангүй. Гэхдээ 55 кг-ын жинд Ц.Мандалсүрэнгийн Украиний, Америкийн бөхчүүдтэй, 60 кг-ын жинд Г.Бэгзжавын Беларуссын бөхтэй хийсэн барилдаан залуу бөхчүүдийн ид хавыг харуулсан онц сонирхолтой барилдаан болж энэ удаа бөхийн тэнгэр өрсөлдөгч талыг нь ивээж манай бөхчүүд ялагдсан. Ц.Мандалсүрэн Америкийн бөхийг 12:8 онооны харьцаагаар ялж яваад орооцолдсон барьцанд нь орж цэвэр даруулсан.
Иран, ОХУ, Турк, Францийн бөхчүүд алтан медалийг хуваан авснаас Францийн бөх З.Хажиев нь чечень үндэстэн ажээ.
Өнөөдөр залуучуудын ДАШТ эрэгтэй чөлөөт бөхийн 55, 66, 84, 120 жингүүдийн барилдаанаар дуусна. Манай хоёр бөх өрсөлдөнө.
Эрэгтэй чөлөөт бөх
50 кг
1. Гагенгусейн Бадрудинов /ОХУ/
2. Махужон Шавкатов /Узбек/
3. Эмре Демиркан /Турк/
4. Сабир Шарестани /Иран/...
10. Цэдэвийн Мандалсүрэн /”Алдартан” клуб/
Энэ жинд 20 бөх барилдаж Ц.Мандалсүрэн нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт украиний бөх Максим Бляжийг 0:1, 10:3 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт америкийн бөх Мооди Жабарид цэвэр ялагдсан.
60 кг
1. Иман Садехикокандех /Иран/
2. Жозеф МакМаена /АНУ/
3. Юрген Алиев /Азербайжан/
3. Рашидов Гажимурад/ОХУ/
16. Гансүхийн Бэгзжав /”Алдар” спорт хороо/
Энэ жинд 29 бөх барилдаж Г.Бэгзжав нэгдүгээр тойрогт беларуссын бөх Б.Максимовт 4:6, 5:10 онооны харьцаагаар хожигджээ.
74 кг
1.Зелимхан Хажиев /Франц/
2. Махаммахажи Мухутов /Азербайжан/
3. Мурат Эртурк /Турк/
3. Реза Мазаффарижобари /Иран/
18. Болдхүүгийн Батсүх /БХИС/
Энэ жинд 36 бөх барилдаж Б.Батсүх нэгдүгээр тойрогт австралийн бөх Жауденд 2:2, 2:4 онооны харьцаагаар дийлджээ.
96 кг
1. Юсуф Зейбек /Турк/
2. Георгий Гогаев /ОХУ/
3. Василь Карас /Румын/
3. Кэль Снудер /АНУ/
Энэ жинд 22 бөх өрсөлджээ.
Д.ӨЛГИЙСАЙХАН
(МЧБХ)