
Залуусын хайр дурлал, гэр бүлийн үнэ цэнийг өгүүлэх киноны гол дүрүүдэд жүжигчин Э.Мөнхтөр, Б.Баярмаа, Э.Ууганбаяр, Б.Билэгдэмбэрэл, дуучин П.Баярцэнгэл, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан, “Seven” телевизийн хөтлөгч Мөнхзул нар тогложээ. Кино энэ сард нээлтээ хийх юм.

-Энэ кинонд хэрхэн тоглох болов?
-"Бондоолой фильм"-ийн найруулагч Бондоолой бид хоёр СУИС-ийг 2005 онд сурч төгссөн нэг ангийн найзууд. Өмнө нь ч хэд хэдэн уран бүтээл дээр хамтарч байсан. Тэр ч утгаараа гол дүр Хүслэнгийн дүрд намайг сонгож тоглуулахаар болсон. Бид хоёр танилцаад олон жил болж байгаа болохоор хамтарч ажиллахад амар байлаа. Дээрээс нь би гэр бүлтэй, бас яг энэ амьдрал дунд яваа залуу хүн. Тийм учраас энэ дүрд тоглоход сонирхолтой сайхан байлаа.
-Энэ кинонд жүжигчин Б.Баярмаатай хайр сэтгэлтэй хосууд болж тоглодог юм байна. Хамтрагчийнхаа тухайд?
-Б.Баярмаатай анх удаа хамтарч байгаа. Гэхдээ өмнө нь бие биенээ мэддэг байсан. СУИС-д биднийг дөрөвдүгээр курс төгсөж байхад Баярмаа нэгдүгээр курс байсан. Тиймээс ойлголцоход их амар байлаа. Б.Баярмаа жүжигчнийхээ хувьд ч сайн жүжигчин.
-Сэдвээ өөрчилье. A-Capella хамтлаг бүрмөсөн тарсан уу? Дахин уран бүтээл хийх үү?
-Манай хамтлаг бид дөрвийн зүрх сэтгэлд байгаа. Хамтлагийн гишүүн Одко АНУ-д байгаа учраас хилээр хязгаарлагдчихаад байна. Бие маань уулзалдахгүй байгаа болохоос сэтгэл бол нэг байгаа. Бид удахгүй уран бүтээлдээ орно.

Түүнчлэн "Миний хайр" кинонд туслах дүр бүтээсэн дуучин П.Баярцэнгэлээс сүүлийн үеийн сонин хачныг нь сонслоо.
-Энэ кинонд ямар дүр бүтээв?
-Хүслэнгийн дотны найз Идэрээгийн дүр дээр ажиллаа. Үүний өмнө хэд хэдэн кинонд оролцож байсан. Тэр нь туршлага болж энэ кинонд тоголлоо. Олон ч сайхан найз нөхөдтэй боллоо.
-Хамгийн сүүлд дөрвөн дуэт дуу гаргаснаас хоёр нь клиптэй боллоо. Үүнээс Бразилын хөлбөмбөгийн дэлхийн аваргад зориулсан дууны маань клип тун удахгүй цацагдана. Мөн ирэх долоон сарын 1-нд Швейцарь руу олон улсын фестивальд явна. Түүнийхээ бэлтгэлийг базааж байна даа.
Баярлалаа.
24tsag.mn