
Гүйлсэн булчирхайн үрэвслийг эмгэг төрүүлэгч бүх бактери вирусүүд үүсгэж байдаг.
Гэхдээ халдвар гаднаас ч тэр, биеийн дотроос ч тэр орох боломжтой. Гаднаас халдвар авах тохиолдлын өвчний эх үүсвэр нь өвчтэй хүн байдаг. Ханиах, найтаахад өвчин үүсгэгч зүг зүг цацагддаг бөгөөд эрүүл хүнийг халдварлуулна. Халдварлахаас гадна өвчтөнтэй ойр байгаа сав суулга, цагаан хэрэглэл, алчуурт наалдаж үлдээд эрүүл хүнийг халдварлуулах боломжтой. Гүйлсэн булчирхайн үрэвсэл бий болох дотоод эх үүсвэр нь цоорсон шүд, өвчтэй буйл, архаг ханиад зэрэг өвчний халдварын голомтууд юм.
Хүний биед нэвтэрсэн бактерүүд нь манайхны хоолойны мах гэж нэрлэдэг булчирхайд үүрлэн сүйтгэх үйл ажиллагаагаа эхэлнэ. Халдвар авснаас 5-7 хоногийн дараа өвчний эхний шинж тэмдэг илэрч эхэлдэг. Ангины үеийн үрэвсэл нь харшлын ба халдварын гаралтай байдаг. Өөрөөр хэлбэл үрэвсэл үүсэхэд бактериудаас гадна хүний өөрийнх нь дархлалын систем оролцож байдаг гэсэн үг.
Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь зүрх судасны системтэй холбоотой зүрхний булчингийн үрэвсэл, үе мөчний талаас реватизм буюу хэрэх өвчин, бөөрний талаас бөөрний үрэвсэл зэрэг хүндрэлүүд үүсгэх аюултай. Түүнээс гадна гүйлсэн булчирхайд идээ буглаа үүсгэснээр хүнд хэлбэрээр өвдсөн үед цус бохирдол үүсгэх аюултай. Тиймээс энэ євчнийг зєв эмчлэх нь маш чухал юм.
Өвчний явц
Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хурцаар эхэлдэг. Ингэхдээ хоолой гэнэт хатан сэрвэгнэж эхэлнэ. Дараа нь хоолой хүчтэй өвдөж хатуу зүйл идэхэд төдийгүй шингэн юм залгихад хэцүү болно. Халуурах шинж илэрэн. Ялангуяа бага насны хүүхэд 38-40 хэм хүртэл халуурна. Бие сулран эвгүйрхэх, толгой өвдөх, үе мөчөөр шархирч өвдөх. Хүзүүний тунгалагын булчирхай өвчтэй болж томроно. Хэрэв толь аваад шагайж харвал гүйлсэн булчирхай улайсан, томорсон байна. гүйлсэн булчирхайн идээт үрэвслийн үед шар эсвэл цагаан өнгийн идээ, цэврүүгээр бүрхэгдсэн харагдана. Гүйлсэн булчирхайн гэмтлийн зэргээс хамаарч улайлттай (гадаргуун), цулцангийн (гүн) ба хонхлойт (бүр гүн) гэж гурав ангилдаг. Гүйлсэн булчирхайн үрэвсэл байж болзошгүй үед дотрын эмч, эсвэл чих хамар хоолойн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй. Заримдаа ангиныг сахуу гэдэг өөр нэг хүнд өвчинтэй андуурах явдал байдаг.
Эмчилгээ
Өвчин 3-7 долоо хоног үргэлжилэх ба гүйлсэн булчирхайн үрэвслийн эмчилгээг гэртээ хийж болно. Ингэхдээ хатуу хэвтрийн дэглэм баримтална. Гүйлсэн булчирхайн үрэвслийн хөнгөн хэлбэрийн үед сульфаниламидын бэлдмэлүүд, хүнд хэлбэрийн үед антибиотикүүдийг хэрэглэнэ. Антибиотикыг зөвхөн мэргэжилтэн л зөв сонгох боломжтой тул ангиныг өөрөө өөртөө эм бичиж эмчлэх нь гол төлөв амжилт муутай байдаг. Антибиотикийн курсыг дуустал нь хийх хэрэгтэй. Ингэхгүй бол бүрэн устгагдаагүй нянгууд тодорхой хугацааны дараа ахин шинэ дайралтанд орж болзошгүй.
Гүйлсэн булчирхайн үрэвслийн үед шингэн юм ихээр ууж, илчлэг өндөртэй, аминдэм ихтэй шингэвтэр хоол хүнсийг хэрэглэнэ. Үе үе (өдөрт 6 хүртэл) тусгай уусмалаар хоойлойгоо зайлна. Уусмалууд нь бүлээсгэсэн перманганат кали, грамицидин, фурациллин, сод, давсны уусмал цаашлаад шар дэгд, хамба шарилжны хандаар гээд янз бүр байдаг. Мөн түүнчлэн аспирин, гистамины эсрэг бэлдмэлүүд (супрастин, тавегил, кларитин зэрэг), С аминдэм, рутин зэргийг хэрэглэнэ.
Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хэрэх /хэрлэг/ буюу ревматизм өвчин үүсэхийн эхний дохио болж болзошгүй байдаг. Хэрэв гүйлсэн булчирхайн үрэвслээр өвчилснөөс хэд хоногийн дараа үеэр өвдөөд эхэлвэл үений холбогч эдийн эмгэгийн эмчид хандан үзүүлэх хэрэгтэй. Гүйлсэн булчирхайн архаг үрэвслийн үед мэс заслын эмчилгээ үр дүнтэй байдаг. Үүнд:
• Паллиатив буюу хөнгөвчлөх (цулцанг авах, хөөсөн цулцанг хусах, лазераар үйлчлэх).
• Тонзиллотоми – гүйлсэн булчирхайг хэсэгчлэн, эсвэл бүрэн авах.
Сэтгэгдэл (1)