Өчигдөр ерөнхий сайдтай 100 компаний удирдлага нэгэн танхимд сууж
ярилцлаа. Тэд монголд татвар төлдөг гэдгээрээ, энэ жил Монголд хамгийн
их татвар төлсөн гэдгээрээ төсөөтэй. Түүнээс биш бүхий л салбарыг
хамарсан компаниуд байгаа. Гэвч эдний дунд багагүй хувийг эзэлж, жин
дарах учиртай нэгэн салбараас дөрөвхөн л компани харагдаж байлаа.

Өчигдөр ерөнхий сайдтай 100 компаний удирдлага нэгэн танхимд сууж ярилцлаа. Тэд монголд татвар төлдөг гэдгээрээ, энэ жил Монголд хамгийн их татвар төлсөн гэдгээрээ төсөөтэй. Түүнээс биш бүхий л салбарыг хамарсан компаниуд байсан юм. Гэвч эдний дунд багагүй хувийг эзэлж, жин дарах учиртай нэгэн салбараас дөрөвхөн л компани харагдаж байлаа. Барилгын ажил эрхэлдэг “Рапид харш”, “Номин Холдинг”, “Суруга Монгол”, “Зарубежстрой в Монголий” гэсэн дөрөвхөн компани дээрх 100 байгууллагад нэр нь багтжээ. Жагсаалтын сүүлийн байр буюу 100 дугаарт орсон компани болох “Мера” энэ ондоо нийт 1 246 000 000 төгрөгийн татвар төлсөн байгаа юм. Гэтэл орон сууцныхаа үнийг өсгөөд, иргэдэд метр кв талбайг нь 1 200 000-аас доошгүй үнээр борлуулж буй барилгын компаниудын нэр энд огт үзэгдсэнгүй. Тэд тэрбум гаруй төгрөгийн татвар төлөхүйц ашиг олоогүй хэрэг үү? Энэ бүхний ард хоёрхон л тайлбар нуугдаж байна. Нэгдүгээрт, барилгын компаниуд алдагдалд орохгүй гээд үнээ өсгөх тусам иргэд орон сууцанд орох их нүүдэл энэ жил огцом татарсан байх. Эсвэл барилгынхан татвараа үнэн зөвөөр төлдөггүй гэсэн гаргалгаа бий. Сүүлийнх нь үнэний ортой байхыг үгүйсгэхгүй. Учир нь ерөнхий сайд өчигдрийн уулзалтын үеэр ийм агуулгатай үгсийг хэлээд авсан. Тэрбээр “Яагаад зарим нь татвараа төлөөд явж байхад зарим нь төлдөггүй юм бэ? Тэднийг шалгах хэрэгтэй” хэмээн холбогдох алба, агентлагуудад сануулаад авав. Үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байгаа монгол улсад түүнээс ч илүү хурдацтай яваа салбар бол барилга байгууламж. Гэтэл нийт барилгын зөвшөөрөлтэй 1000 орчим компани байгаа, тэдгээрээс тогтмол үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй компани байхад татварын хэмжээгээрээ Монголын шилдэг 100-д багтаж буй дөрөвхөн компани байгаа нь “ариун явдал” юм уу?
Ерөнхий сайд С.Батболд “Шилдэг татвар төлөгчдийг бодлогоор дэмжинэ ээ” гэдгээ хэлээд “Эрдэнэт”, “Тавантолгой”, “Монголын алт МАК” тэргүүтэй байгууллагуудыг нэрлэсэн. Тэгвэл түүний хэлсэн өөр нэг үг барилгын салбарын томоохон компаниудад аянга болж очих нь. Монголын татварын ерөнхий газар хийх ажилтай болж, барилгын компаниудыг удахгүй шалгалтаар “шарах” нь тодорхой боллоо.
Б.Болдсүх