
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас МХЕГ-ын удирдамжийн дагуу Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Захиргааны хариуцлагын тухай” хуулиудыг мөрдлөг болгон “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай”, “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай”, “Ургамал хамгааллын тухай“ хуулиудын хэрэгжилтийг хангуулах, “Шинэ жилийн баяр”, уламжлалт баяр болох “Цагаан сар”-ын баяр ёслолын үеэр нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, халдвар, хордлого, хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас сэргийлэх, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр ханган заавар зөвлөмж өгөх зорилгоор хяналт шалгалтыг явууллаа. Шалгалтанд аймгийн Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Жаргалант сумын ЗДТГ хамтран оролцож хүнсний бөөний төв, баар, зоогийн газруудад хяналт хийж хяналт шалгалтын явцад олон нийтэд мэдээлэл хийн, гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулан ажилласан.

Хяналт шалгалтын үеэр нийт 530 мянган төгрөгний хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураах акт үйлдэн Жаргалант сумын устгалын комисст шилжүүлсэн бөгөөд энэ сарын 11-ны өдөр Жаргалант сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, холбогдох гэрч нарыг байлцуулан устгалаа.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)