
Зөвлөлийн хуралдаанаар Прокурорын байгууллагаас 2013 онд хийсэн ажлын тайлан, төлөвлөгөөний биелэлт, Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 94 дугаартай “Прокурорын байгууллагын хэмжээнд хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар дагаж мөрдөж ажиллах журам” –д нэмэлт өөрчлөлт оруулах тухай УЕПГ-ын Мэдээллийн технологи, Дүн шинжилгээний албаны дарга Д. Булганцэцэгийн мэдээлэл, танилцуулга, “Прокурорын байгууллагын бүтэц зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай“ Монгол Улсын Их хурлын 2013 оны 5 дугаар сарын 23–ны өдрийн 38 тоот тогтоолын заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дүүргийн 1, 2, 3, 4 дүгээр прокурорын газрын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн тогтоох тухай Нийслэлийн прокурор Б.Бат-Оршихын танилцуулгыг тус тус хэлэлцлээ.
2013 онд Монгол Улсын Прокурорын байгууллагаас мэдлэгт суурилсан хариуцлагын тогтолцоог сайжруулах, гаргасан заавар, журмуудын хэрэгжилтийг хангуулах, доод шатны прокурорын шийдвэрт гаргасан гомдлыг дээд шатны прокурор хууль тогтоомжийн дагуу шалгаж, шийдвэрлэх, хариуцлага тооцдог болгох арга барил тогтоох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтыг үр дүнтэй болгох, хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийг үр нөлөөтэй болгоход хяналтаа чиглүүлэх үндсэн зорилтын хүрээнд гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох, хяналтын ажлын аргачилсан заавар, хамтарсан тушаал, захирамж зэрэг удирдамжийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, програм хангамжийн ажлыг улс даяар бүрэн нэвтрүүлж, төгөлдөржүүлэх, прокурор, туслах ажилтнуудын орон тоог нэмэгдүүлэх, сургалтуудын чанар, үр дүнг сайжруулах, нийт прокурор ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг бодлогын түвшинд анхаарч ажилласан байна.
Өнгөрсөн онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд сум дундын прокурорын газрыг шинээр байгуулж ажилуулсны гадна Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр дахь сум дундын прокурорын газруудын барилгад өргөтгөл, их засвар, мөн Улаанбаатар хотод Прокурорын сургалтын төвийн конторын барилгын их засварын ажил хийж дуусган ашиглалтанд хүлээн авсан.
Мөн Дархан-Уул , Дундговь аймгийн прокурорын газар , Ховдын Булган, Завханы Тосонцэнгэл дэх сум дундын прокурорын газруудын конторын барилгууд болон прокурор ажилтнуудын 112 айлын орон сууцыг шинээр барьж , ашиглалтанд хүлээн авчээ.
Д.Ундрах /24tsag.mn/