
Баримтат кино бүтээгч, гэрэл зурагчин Ван Жулиан дөрвөн жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд Бээжин хотын хамгийн бохир 460 цэгт очиж, баримтуулж чаджээ. Тэрээр хог зайлуулах ажилд 1,65 тэрбум доллар зарцуулдаг Бээжин хотын тулгамдсан асуудлыг олон нийтэд дэлгэж, шүүмжлэл өрнүүлсэн байна. Ван зурагчны тооцоолсоноор хогийн цэгүүдийн 80 гаруй хувийнх нь үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлагатай гэнэ. Гэтэл Хятад улс дахин боловсруулах хог хаягдлын томоохон импортлогч юм. Хятадууд дэлхий дээр энэ төрлийн зах зээлийн 70 хувийг дангаараа эзэлдэг байна. Хятадын төр засаг хүрээлэн буй орчныг хамгаалахаар бодлогын шинэчлэлт хийх тухай ярьж байгаа билээ.


