Сирийн эртний түүхт Хомс хотоос 600 гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, хоргодох байранд аваачихаар болжээ. Энэ хот босогчдын гарт 15 сар бүслэгдээд байсан юм. Босогчид тийш хүмүүнлэгийн тусламж хүргэж явсан олон улсын байгууллагын ажилтнуудыг хөнөөж, барьцаалах зэргээр саад учруулж байсан тул оршин суугчид нь хоол хүнс, эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байгаа билээ. НҮБ, Сирийн Засгийн газар хоорондын Швейцарьт байгуулсан гэрээний дагуу Хомс хотын эмэгтэйчүүд, хүүхдүүд, шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажил өрнөж байна. Энэ хооронд Алеппо хотод Засгийн газрын нисдэг тэрэг бөмбөг шидсэний улмаас 11 хүн алагдсан болохыг босогчдын талаас мэдээлсэн билээ.





