
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөрийн яамтай 2014 онд хамтран ажиллах үйл ажиллах төлөвлөгөөг баталж, өнөөдөр гарын үсэг зурлаа. Төлөвлөгөөнд тусгаснаар Хөдөлмөрийн болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг шинэчлэх болон хяналт шалгалт, зөвлөн туслах үйл ажиллагаа, мэдээлэл, сургалт сурталчилгаа зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах юм. Төлөвлөгөөний хүрээнд энэ хоёрдугаар сардаа багтаан нийслэлийн хэмжээнд сургалт хийх бөгөөд зарим хяналт шалгалтыг эхлүүлнэ.
Хамтран ажиллах төлөвлөгөөнд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Гантулга нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийн хамтын ажиллагаа нь ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрдүүлэн, үйлдвэрлэлийн ослыг бууруулахад нөлөөлөх юм.
Д.Ундрах /24tsag.mn/