
Иракийн шоронд ял эдэлж буй хэдэн мянган эмэгтэйчүүдийг тамлан зовоож, хүчирхийлж байгааг хүний эрхийг хамгаалагчид шүүмжилж байна. Эмэгтэйчүүдийг буруутай эсэхийг шүүхээр тогтоогоогүй байхад хэдэн сар, жилээр хорьж шийтгэж байгааг тайланд дурджээ. Тэднийг хамаатан садан, үр хүүхдүүдийнх нь өмнө хүчиндэж, эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд өшиглөж, алгадах эсвэл цахилгаан гүйдэлд цохиулах зэргээр шийтгэдэг байна. Шоронд хоригдож буй суннит болон шийт шашинт эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн ярилцлагад үндэслэн 105 хуудас бүхий дээрх тайланг гаргажээ. Тэнд ял эдэлж байхдаа зодуулсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон нэгэн эмэгтэйг хожим нь цаазалсан юм. 2013 онд хүний эрхийг хамгаалагчид Иракыг дэлхийн хамгийн харгис орноор нэрлэж байсан билээ.