Монголын сагсан бөмбөгийн холбооныхон тогоон дотроо хагаралдаантай байна. Тодруулбал, тус холбооны Ерөнхийлөгч "Хас"-ын Ч.Ганхуяг холбооныхоо ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргилыг ажлаас нь халж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон гэдгээ олон нийтэд зарлав. Учир нь Б.Оргил нь холбооныхоо тамга, тэмдгийг зөвшөөрөлгүй авч өөрийн дураар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тиймээс холбооны тамга, тэмдгийг хүчингүй болгон шинээр авах ажлыг хийж байгаа аж. Мөн Б.Оргилын гарын үсэг бүхий Монголын Сагсан бөмбөгийн Холбооны тамга тэмдэг ашиглан гаргасан аливаа гэрээ, хэлцэл бичиг баримт, МСБХ-ны тамга нэр дор зохион байгуулж буй санхүү мөнгөтэй холбоотой бизнесийн болон тусламж, хандивын бүх арга хэмжээг хүчингүй болгожээ. Энэ талаараа ч салбарын сайд Ц.Оюунгэрэлдээ дуулгаж, хамтарч ажиллахыг хүсчээ.

Т.Энхэлээ