
“Японы Бетховен” гэж алдаршсан дүлий хөгжмийн зохиолч сүүлийн 20 орчим жил өөр хүн хөлсөлж, ая зохиолгодог байснаа хүлээн зөвшөөрчээ. Мамору Самурагочи 1990-ээд оны дунд үед нэр алдарт гарч эхэлсэн юм. Тэрээр 1945 оны атомын бөмбөгийн сэдэвтэй “Хирошима симфони 1” хэмээх бүтээлээрээ алдаршсан аж. Самурагочи 6 настайгаасаа төгөлдөр хуур, 10 настайгаасаа Бетховен, Бахын хөгжмийг тоглож эхэлжээ. 35 настайгаасаа сонсголоо алдсан боловч уран бүтээлээ тасралтгүй хийсээр байсан билээ. Өдгөө 50 настай алдартан 1996 оноос хойш өөрөө нэг ч ая зохиогоогүй гэнэ. Хөгжмийн зохиолчийн өмгөөлөгч олон нийтийг хууран мэхэлж байсныхаа төлөө уучлалт гуйсан нь шүтэн бишрэгчдийг нь ихэд цочроожээ. Самурагочи сэтгэл санааны цочролд орсон тул арга буюу өөр зохиолч хөлслөх болсоноо нуусангүй. Харин жинхэнэ хөгжмийн зохиолч нь нэрээ нууцалжээ. Гэхдээ Японы нэгэн хэвлэлд Такаши Нигаки хэмээх хөгжмийн зохиолч Самурагочигийн оронд 18 жил ая зохиож буй талаар нийтэлсэн юм.