
Шалгалтаар хэсгийн байцаагч нар үйл ажиллагаандаа ялтны шийтгэх тогтоолыг хүлээн аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.2.1 дэх хэсэгт зааснаар 7 хоногт багтаан тухайн ялтанд хувийн хэрэг нээж хяналт тогтоохгүй байгаа, ялтны хувийн хэргийг сар тутам прокурорт хянуулдаггүй, ялтны шийтгэх тогтоолыг хэзээ хүлээн авсан талаар тэмдэглэл үйлддэггүй, зарим сард ялтантайгаа уулзаж хувийн хэрэгт тэмдэглэл хийхгүй байгаа зэрэг зөрчлүүд илэрсэн тул зөрчлийг арилгуулахаар Дүүргийн Цагдаагийн хэлтэс тус бүрт Прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна.
Шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүд нь 2012 оны эцэст Улсын Ерөнхий Прокурорын газрын удирдамжаар хийсэн шалгалтаар илэрч байсан бөгөөд түүнийг давтан гаргуулахгүй байх талаар цагдаагийн хэлтсүүдийн хэсгийн байцаагч нарт сургалт зохион байгуулж хорих ял нь тэнсэгдсэн, хойшлогдсон этгээдийн хувийн хэргийг хэрхэн бүрдүүлж хийвэл зохих тэмдэглэл, хэрэг хөтлөлтийг хэрхэн зохион байгуулах талаар зохих ойлголт өгсөн ч нааштай үр дүнд хүрээгүй байна.
Үр дүнд хүрэхгүй байгаа шалтгаан нь Дүүргийн цагдаагийн хэлтсүүд хороодын хэсгийн байцаагч нарыг тухайн хороонд нь тогтвортой ажиллуулахгүй богино хугацаанд олноор нь сэлгэн ажиллуулж байгаа болон хуучин ажиллаж байсан байцаагч нарыг шинээр томилогдсон ажилтнаар сольж ажиллуулж байгаа зэрэг үйл ажиллагаатай холбоотой байна. Тиймээс дээрх зөрчлүүдийг таслан зогсоохын тулд цагдаагийн хэлтэс тус бүрт албан бичиг хүргүүлж ялтны хувийн хэргийг хянуулах хуваарийг цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагч нар сар бүрийн 1-ээс 15-ны хооронд, цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байцаагч нар тухайн сарын 15-30-ний өдрийн хооронд өдөрт 1 хэсгийн байцаагчийг хяналтандаа байгаа хувийн хэрэг, материалуудыг прокурорт заавал хянуулж байх журмыг тогтоон ажиллаж байгаа ажээ.
Ингэснээр прокурор ялтны хувийн хэрэг хянах үйл ажиллагаанд ч чанарын өөрчлөлт гарч ялтны хувийн хэрэг тогтоосон хугацаандаа бүрэн хянагдах нөхцөл бүрдэх болсон байна. Мөн цагдаагийн хэлтсүүдэд хэсгийн байцаагч нар шинээр олноор томилогдож байгаа тул тусгайлсан сургалт, хамтарсан зөвлөгөөнийг 2014 оны 02 дугаар сард багтаан хийхээр төлөвлөсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/