
Энэтхэгт 500 мянган хүүхэд бусдад хулгайлагдаж, хүчээр хөдөлмөр эрхэлдэг гэсэн мэдээллийг тус улсын Засгийн газраас гаргажээ. Найман минут тутамд нэг хүүхэд алга болдог ч тэн хагас нь хэзээ ч олдож байгаагүй ажээ. 13 настай Лакшми охиныг дөрвөн жил өмнө тосгондоо байхад нь хулгайлж гэр цэвэрлүүлэх, хоол хийлгэх, хүүхэд харуулах зэргээр хөдөлмөрийг нь мөлжиж байсан юм. Гэвч охиныг хулгайлсан этгээдүүд гэнэт алга болж, юу ч үгүй хоосон үлдээснээр цагдаа нар түүнийг олж авчээ. Авга ах нь Лакшмийг эрэн сурвалжлахад хангалттай сэтгэл гаргаагүй цагдаагийн байгууллагыг буруутгаж байна. Түүний адилаар хүчээр хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг хамгаалах нь Энэтхэгийн эрх баригчдын санааг зовоосон асуудал болжээ.