
Өвчний талаархи анхны мэдээлэл өнгөрсөн сарын 27-нд ирсэн бөгөөд тус аймгийн Онгон сумын 1, 3 дугаар багийн нутагт өвчилсөн малаас авсан дээжинд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид нэгдүгээр сарын 30-ны өдөр хийсэн шинжилгээгээр “А” хэвшлээр үүссэн олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан болох нь тогтоогджээ.
Өнөөдрийн байдлаар Онгон сумын 1, 3 дугаар багийн 10 гаруй малчдын 86 үхэр өвчилнөөс 82-ыг устгасан байна. Мөн халдварын голомт буюу тус аймгийн Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт өнөөдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоон, тус чиглэлд явах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн малчдын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг хурдан морины уралдааныг зохион байгуулах, уул овоо тахих /Шилийн богд, Алтан овоо/ арга хэмжээг цуцлах болон:
-Онгон, Наран, Дарьганга сумдын сурагчдын амралтыг сунгах,
-Аймаг, сумдад зохион байгуулагдах олон нийтийг хамарсан хурал, цуглаан зэрэг бусад арга хэмжээг тодорхой бус хугацаагаар хойшлуулах,
-Халдварын гарал үүсэл, тархалтын хүрээг тогтоог ажлыг 2 дугаар сарын эхний 10 хоногт дуусгах,
-Өвчлөмтгий малд тарих вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх,
-Халдварын голомт дахь хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар зогсоох,
-Шүлхий өвчин гарсан бүс нутаг тэдгээртэй хил залгаа сум, аймгийн нутаг дэвсгэр дэх шүлхий өвчнөөр өвчлөмтгий мал, тэжээвэр болон зэрлэг амьтдын дунд хийх тандалтыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар болжээ.
24tsag.mn