
Сар шинийн баярыг тохиолдуулан БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан зохион байгуулсан энэхүү өдөрлөгийн үеэр тус улсад байгаа монгол иргэний нийгмийн хамгааллын үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэж, эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сурталчлах, БНСУ-д ажиллаж, амьдарч буй 30 орчим мянган иргэнд хүрч ажиллах талаар мэдээлэл, сурталчилгааг хийсэн юм.
"Монгол хүн-Монголын эрдэнэ" өдөрлөгийн нээлтэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, БНСУ-д суугаа элчин сайд Б.Ганболд өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгч Капитал банкны гүйцэтгэх захирлын орлогч А.Гэрэлмаа нар оролцож, Монголчууддаа сар шинийн баярын мэнд хүргэж, Шинэчлэлийн Засгийн газрын бодлого хөтөлбөрийг танилцуулсан.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэлэхдээ "БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв анх 1997 онд үйл ажиллагаа эхэлж байсан. Тухайн үеийн ханшаар 14 орчим тэрбум төгрөг буюу 10 орчим хүний нийгмийн даатгалын шимтгэлийг буцааж шилжүүлж байсан түүхтэй. Түүнээс хойш жил бүр тэтгэврийн даатгалын шимтгэлийг БНСУ-аас эх орондоо төлөх боломжийг олгосоор байна. Мөн хүүхэд, гэр бүл, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын үйчилгээг иргэн бүрт хүргэж ажиллаж байна. БНСУ-д болон бусад улс оронд амьдарч буй иргэдийн судалгааг гаргаж, хүний хөгжлийн төрийн бодлогыг хүн бүрт хүргэх, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Эдгээр мэдээллийг түгээж, БНСУ -д байгаа илүү олон Монгол иргэнд нийгмийн хамгааллын үйлчилгээг хүргэхэд "Монгол хүн-Монголын эрдэнэ" өдөрлөгийн ач холбогдол оршиж байна" гэдгийг онцлон хэлсэн. Түүнчлэн монгол хүнийхээ хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгосон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй Монгол улсын үнэт эрдэнэ иргэн бүрт нийгмийн хамгааллын үйчилгээг хүргэхийг зорьж, мөн эх орондоо ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллахаа уламжлан, эргэн уулзахын ерөөлийг дэвшүүлсэн байна.