
Украины тэмцлийг удирдагч Дмитрий Булатов зодуулж, хүнд гэмтэл авсан тул яаралтай эмчилгээнд хамрагдахаар Литви улсыг зорьжээ. Тэрээр нүүрэндээ гэмтэл авч, чих нь зүсэгдсэн юм. Дмитрий өнгөрсөн долоо хоногт телевизээр ярилцлага өгөхдөө бүтэн найман хоногийн турш зодуур дарамт амсч байсан тухайгаа өгүүлжээ. Дмитрий олон нийтийг хамарсан жагсаал цуглааныг удирдан, жолоодож явсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд алга болоод найм хоногийн дараа Киев хотын захаас зодуулсан байдалтай олдсон юм. Түүнийг үл таних этгээдүүд хулгайлж, зодсон гэдгийг өөрөө гэрчилж байна. Энэ хэрэг ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулахыг хүссэн жагсагчдын уурыг хүргэж, Киев хотын Майданы талбайд хэдэн мянган хүн жагсаад байна. Харин ерөнхийлөгч Виктор Янукович босогчдын талтай зөвшилцөлд хүрэх хэд хэдэн саналыг гаргаж, Засгийн газраа огцруулаад байгаа билээ. Гэтэл босогчид Украиныг Оростой харилцахаа больж, Европын холбоонд элсүүлэхийг хүсч байгаа юм.