
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын төлөө бололцоотой бүхнээ хийнэ гэдгээ амлажээ. Тухайлбал, Америкчуудын нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10,1 долларт хүргэхийн тулд шийдвэртэй алхам хийнэ гэжээ. Энэ нь дундаж давхаргынхны амьдралын түвшинг дээшлүүлж, эдийн засгийг өсгөхөд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Бүрэн эрхийнх нь хугацаа дуусахад гурван жил үлдээд буй ерөнхийлөгч Барак Обама удаан хугацаанд ажилгүй байгаа иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, бага боловсролын тогтолцоог боловсронгуй болгох, дэд бүтцийн салбарын зардлыг шийдвэрлэх зэрэг сорилтуудтай тулгараад байгаа юм. АНУ-д 11 сая бичиг баримтгүй цагаач иргэн байгаагаас гадна таван хүүхэд тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур түвшинд амьдарч байна.