
Украинд хоёр сар үргэлжилсэн бослого газар авч, улс төрийн хямралыг шийдвэрлэх чухал сорилт тулгараад байгаа энэ үед ерөнхий сайд Николай Азаров огцрох өргөдлөө өгсөн байна. Тус улсын үндсэн хуульд зааснаар ерөнхий сайд ажлаа хүлээлгэж өгөхөд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох учиртай. Хямрал Украины нийгэм, эдийн засаг болоод иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байгааг Азаров хүлээн зөвшөөрч байна. Тэрээр “Зөрчлийг энх тайванч замаар шийдвэрлэхийн тулд харилцан буулт хийхийг зорилгоо болгосон. Би энэ шийдвэрийг ерөнхийлөгчтэй зөвшилцөн өөрийнхөөрөө гаргасан” хэмээн мэдэгдлээ. Харин сөрөг хүчний удирдагч Виталий Кличко Азаровын мэдэгдэл ялалтын эхлэл боллоо гэж үзэж байна. Босогчид 14 мужийн төр захиргааны барилгыг бүслэн хаасны дараа ерөнхийлөгч Виктор Янукович жагсаал хийж, баривчлагдсан хүмүүст өршөөл үзүүлэх асуудлыг эргэн харахаар болсон юм.