
Жанчивдэчинлэн хийдээс нийт сүсэгтэн олондоо зориулж модон морин жилийн шинийн гуравны билэгт сайн өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт жилийн хишиг буян, хийморь лундаа, цог залийг бадраах засал номыг үнэ төлбөргүй хийхээр болжээ. Удахгүй болох гэж буй тус буяны арга хэмжээний талаар Жанчивдэчинлин хийдийн Хамба лам Ж.Шинэндэнцэл "Жанчивдэчинлин хийдээс уг арга хэмжээг зохион байгуулж байгаагийн учир нь өнөө цагт үүсээд байгаа эмзэг сэдвийн нэг болох ямарваа нэг шашинаар ашиг олох зорилготойгоор сүсэгтэн олон түмний оюун санааг мунхруулан байгаад санаа зовнин үнэ төлбөргүйгээр жилийн засал номыг хийхээр болсон юм. Энэхүү арга хэмжээний үеэр сүсэгтэн олон түмэндээ бурхны шашны мөн чанар болох "Чин сэтгэлээсээ буяныг үйлдэх", "Аливаа буяны үйлийг өнгө мөнгөөр хэмжихгүй байх", "Үйлдсэн буяндаа үл өмчлөх хариу нэхээгүй тус" гэсэн үзлүүдийг зөв таниулан ойлгуулна. Ялгуусан хэмээх модон морин жилдээ монгол түмэн маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын ерөөл дэвшүүлж, энэхүү Заллага айлтгалд хүрэлцэн ирэхийг уръя. Номын буян дэлгэрэх болтугай” гэв.
Шинийн гуравны билэгт сайн энэ өдөр буюу 02 сарын 02 өдрийн 13:00 цагт Буянт-Ухаа цогцолборыг зорьж ирсэн хүн бүхэн ямар нэгэн тасалбар авалгүй чөлөөтэй орох боломжтой юм байна.
Т.Хулан