
“Apple” компанийн орлого 2013 оны аравдугаар сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд 13,1 тэрбум долларт хүрч, тооцоолж байснаас 9 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. 2014 онд 42-44 тэрбум долларын ашиг олж, борлуулалт буурах төлөвтэй байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна. Үүний шалтгааныг Хятад, Тайван, Хонконг дахь гар утасны зах зээлийн орлого өмнөх оныхоос буурсантай холбон тайлбарлажээ. Тус компани өнгөрсөн 12-р сард дэлхийн хамгийн том гар утасны сүлжээ болох “China Mobile”-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Энэ гэрээгээр дамжуулан Хятадын 16 хотод iPhone гар утсаа борлуулж байгаа бөгөөд цаашид 300 хотод сүлжээгээ өргөтгөхөөр төлөвлөжээ. Нийт дүнгээр “Apple” компанийн Ази, Номхон далайн орнууд дахь борлуулалт 9 хувиар унасан нь iPhone 5S гар утас хэт үнэтэй байгаатай холбоотой гэж үздэг. Тиймээс iPhone 5C хэмээх арай хямд гар утсыг Хятадын хэрэглэгчдэд зориулан гаргасан юм.