
Төсөл хэрэгжих хороогоор БЗД 27-р хороо, БГД-9 хороо, ЧД-ийн 16-р хороо, СБД—ийн 14 –р хороо, СХД- 26 хороо, ХУД-13-р хороо тус тус сонгогджээ. Эдгээр хороод нь газарзүйн онцлог болон хүн амын нягтаршил, хог хаягдлын менежментийн тогтолцоо харилцан адилгүй онцлогтой аж. Төсөл 2015 оны 6 сар хүртэл хэрэгжинэ.
Загвар хороо гэдэг нь иргэд болон төрийн захиргааны байгууллагууд, хог тээвэрлэгч мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа бүхий хог хаягдалгүй цэвэр орчинтой, хог хаягдлын боловсронгуй менежменттэй хороог хэлэх юм.
Загвар хороо төслийн хүрээнд иргэдтэй уулзалт хийн тэдний саналд үндэслэн хог тээвэрлэлтийн техник тоног төхөөрөмжийн оновчтой шийдлүүдийг бий болгох, хог цуглуулалт, тээвэрлэлтийн хяналтын ил тод тогтолцоог бүрдүүлэх, иргэдийн оролцоотой цэвэрлэгээний ажлуудыг зохион байгуулах, ил задгай үүсээд байгаа хогийн цэгийн тоог бууруулах, иргэдийн ухамсарт нөлөөлөх сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах, ногоон байгууламж бий болгох, хорооны орчмын замыг засаж сайжруулах зэрэг олон олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ