
Япончууд 1932 оноос дэлхийн хоёрдугаар дайн дуустал Зүүн Азийн орнуудын 200 мянга орчим эмэгтэйг секс боолчлолын зорилгоор ашиглаж байсан тухай мэдээ бий. Тэднийг цэргүүдийн дур хүслийг хангах зорилгоор ашиглаж байжээ. Золиос болсон эмэгтэйчүүд янхны газар очсоныхоо дараа ар гэрийнхэндээ ажил хийж, мөнгө олж байгаа хэмээн худал хэлдэг байсан гэнэ. Тэдний дийлэнхийг нь хулгайлж, эсэргүүцэл үзүүлвэл, хүчирхийлэх эсвэл зодох зэргээр тамлан зовоож байсан талаар CNN агентлаг мэдээллээ. Тэдгээрийн нэг болох Ванг Кум Жум хэмээх 90 настай Солонгос эмэгтэй саяхан ертөнцийн жам ёсоор таалал төгссөн юм. Тэрээр 13 настай байхдаа шилний үйлдвэрт ажиллаж байгаад, 16 насандаа Хятадад секс боолчолын золиос болжээ. 1945 онд Японд эзлэгдсэн Солонгосчуудыг суллах үед гэртээ харьсан боловч насаараа ганцаараа амьдарсан байна. Энэ мэтчлэн дайн олон эмэгтэйн хувь заяагаар тоглосон гэнэ. Японы Засгийн газар эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байсан дээрх үйлдлийнхээ төлөө албан ёсоор уучлалт гуйж, Азийн эмэгтэйчүүдийн санг 1995 онд үүсгэн байгуулж, тэдгээр эмэгтэйчүүдэд туслаж байв. Гэвч тухайн үеийг аймшигт үйлдлүүдийг олон нийтэд ил болгохгүйн төлөө тэдгээр эмэгтэйчүүдэд мөнгөн төлбөрийг шууд хэлбэрээр олгохоос татгалзсан байна. Өмнөд Солонгосчууд эмэгтэйчүүдийг хамгаалахыг шаардаж байсан ч тэдний ихэнх нь нас дээр гарсан учраас хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байна.
Сэтгэгдэл (1)