
Тайландад ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр дахин сонгууль явуулах төвийг зарлаад байгаа билээ. Гэвч босогчид сонгууль эхлэхээс нэг долоо хоногийн өмнө санал авах байруудыг бүслэн хааж эхэлжээ. Бангкок хотын өмнөд хэсэг дэхь бослогыг удирдаж явсан тэргүүлэгчдийн нэг болох Судин Таратин толгойдоо буудуулж, эмнэлэгт хүргэгдэн нас барсан юм. Хэдийгээр тус улсад онц байдал зарлаж, сөрөг хүчнийхэн сонгууль явуулахад саад болохгүй гэдгээ амласан ч уриа лоозон барьсан босогчид санал хураах байруудыг хаасан хэвээр байна. Ингэснээр Тайландчуудад санал өгөх боломж олгохгүй байхыг зорьжээ. Тайландын 76 мужийн 10-т нь санал хураах байрыг хаасан бослого хөдөлгөөн үргэлжилж байна. Мөн Бангкок хотын 50 санал хураах байрын 49-ийг нь хаажээ. Хэдийгээр жагсаал хөдөлгөөн газар авсаар байгаа боловч сонгуулийг хуваарийн дагуу явуулна гэж Засгийн газраас мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Инглак Шинаватраг эсэргүүцсэн тэмцэл өнгөрсөн оны 11-р сард эхэлсэнээс хойш 9 хүн амиа алдаад байгаа юм.