
Мьянмарын эрчим хүч болоод эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах зорилгоор Дэлхийн банкнаас 2 тэрбум долларын буцалтгүй тусламж өгөхөө амлалаа. Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким тус улсад айлчлах үеэрээ энэ талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Мьянмар нь гадаад ертөнцөөс олон жил хаалттай байж, эдийн засгаа сэргээн босгохын төлөө тэмцсээр ирсэн юм. Одоо хүн амынх нь 70 хувь гэрэл, цахилгаангүй амьдарч буй энэ улсад эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох нь чухал асуудал болжээ. 2011 онд ерөнхийлөгч Тейн Сейн улс төр, эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлсэн юм. Хятад, Энэтхэгтэй хөрш зэргэлдээ байрладаг байгалийн асар их нөөцтэй энэ улсад тусламжийн хөтөлбөр хэрэгжсэнээр 2030 он гэхэд хүн амыг эрүүл мэндийн даатгалд хамруулахаар зорьсон байна.