
Францын ерөнхийлөгч Франсуа Олланд эхнэр Валеригаас тусдаа амьдарч буйгаа баталлаа. Тэрээр “France press” агентлагт хамтын амьдралаа дуусгасан хэмээн ярьжээ. Хоёр долоо хоногийн өмнө Франсуа Олланд Жули Гайет гэдэг жүжигчин бүсгүйтэй нууц амрагийн харилцаатай байсан талаар мэдээлэл нийтлэгдэж, шуугиан дэгдээж байсан юм. Энэ явдал ил болсоны дараа тэргүүн хатагтай Валеригийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн. Валери амьдралынхаа хамгийн хэцүү үеийг өнгөрүүлж буйгаа Твиттер хуудаснаа жиргэжээ. Харин Франсуа Олланд жүжигчин нууц амрагтай байснаа үгүйсгээгүй бөгөөд эхнэртэйгээ таагүй харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн гэдэг. Олланд ирэх хоёрдугаар сард Вашингтонд айлчлах үеэрээ эхнэрээ дагуулж явна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан ч энэ бүхэн талаар өнгөрсөн бололтой. Хатагтай Валери одоогоор Энэтхэгт аялаж, сайн дурын үйлст оролцож буй ажээ. Тэрээр эмнэлэгээс гармагцаа хувийн байшиндаа амьдрах болжээ.