
Египетийн Каир хотын цагдаагийн төв байранд томоохон хэмжээний дэлбэрэлт болж, гурван хүн нас баран, 50 гаруй хүн шархадсан байна. Тус улсад үүсээд буй улс төрийн тогтворгүй байдлын улмаас төр захиргааны байрууд руу халдах тохиолдол гарах болсон юм. Барилгын галыг унтрааж, аюулгүй болгох хүртэл төв замыг хаажээ. Египетийн “Egynews” агентлаг дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн дийлэнх нь төв гудамжин дахь орон сууцны иргэд байсан талаар мэдээллээ. Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байна. Тус улс өнгөрсөн оны долдугаар сард Мухамед Мурсийг засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш шинэ үндсэн хуулиа батлахаар бүх нийтийн санал хураалт явуулж, дэмжлэг авсан юм.