
НҮБ-аас зохион явуулж байгаа Сирийн энхийн хэлэлцээр Швейцарийн Монтре хотноо эхэллээ. “Женев- II” нэртэй хэлэлцээр гурван жил үргэлжилсэн иргэний дайны түүхэнд анх удаа Сирийн Засгийн газар, сөргөлдөгч талуудыг уулзуулж буйгаараа онцлог юм. Хэлэлцээрийг нээж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Энэ уулзалт үхэл, сүйрэл, гамшиг дагуулсан хямралыг улс төрийн үүднээс шийдэх гарц болж чадна гэж найдаж байна” хэмээн хэлжээ. Тэрээр мөн оролцогч талуудын аль аль нь улс төрийн шийдэл олох зайлшгүй шаардлагатай гэдгийг онцоллоо. Энэ удаагийн хэлэлцээрт АНУ, ОХУ, Хятад, Франц, Их Британи, Турк, Саудын Араб, Ирак зэрэг 40 гаруй орны төлөөлөл оролцож байна.