
Уг хэлэлцүүлэгээр мал мах, малын гаралтай түүхий эд худалдан борлуулах журам, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөрийн төслийн талаар ярилцаж, гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар санал солилцсон байна.
Малын хулгайчдын арга барил нарийн төвөгтэй болсон энэ цаг үед илрүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд малчин, төр, иргэний оролцоог хангаж өгөх хэрэгтэйг энэ хэлэлцүүлэгээр онцоллоо.
Малын хулгайн гэмт хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгах явцад хуулийн орчин буюу ялын бодлого сулаас батлан даалтанд байхдаа дахин гэмт хэрэг үйлддэг, малыг шөнийн цагаар хөлөөр нь эсвэл бэлчээрт буудаж унагаадаг, малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Цагдаагийн байгууллагад мэдээлэхээс эмээдэг, мэдээлэл өгсөн тохиолдолд өөрийнх нь малыг хулгайлна гэж дарамт учруулдаг, энэ тухайгаа иргэд нээлттэй мэдээлэл өгдөггүй, малчид малаа алдчихаад өөрсдөө хайж хугацаа алддаг байдлаас хэрэг илрүүлэлтэнд бэрхшээл учирч байгаа талаар ярилцжээ.
Баруун чиглэлийн аймаг руу зорчих зам болох Архангай, Өвөрхангай аймгуудын замууд дээр хяналт байхгүйгээс хулгайчид мал мах чөлөөтэй дамжих боломжийг олгож байгаа учир “элсэн тасархай”-д аймаг дундын пост байгуулах, Өлзийт, Цэнхэр суманд Цагдаагийн объект байгуулах, хэсгийн төлөөлөгч нарыг унаажуулах шаардлагатай гэдгийг онцолжээ.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мөнхбат малчдын ноосны урамшууллын тодорхой хэсгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дансанд байршуулж, малын хулгайтай тэмцэхэд зарцуулж байх талаар санал гаргасан байна.
2014 онд аймгийн Прокурорын газраас 19 суманд Гэмт хэргээс уьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтай танилцаж, заалт чиглэл өгөх, тухайн сумдад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдтэй уулзах, хэлэлцүүлэг хийх, иргэдийн санал, бодлыг сонсох, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх, мал махны гарал үүслийн гэрчилгээг багийн засаг даргын тодорхойлолтоор биш аймгийн Засаг даргын захирамжаар олгож байх талаар ярилцсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)