
Иргэн таны хийж чадах хамгийн энгийн зүйл бол орон байраа дулаалж, дулаан алдагдлыг багасгах явдал. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аяныг өрнүүлж нийслэлийн гэр хорооллын дулаалга багатай гэр, дулаан алдагдалтай орон сууцанд амьдардаг айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон сууцаа дулаалах замаар дулаанаа хэмнэдэг зөв дадалд олон нийтийг уриалсан юм.
Аяны хүрээнд нийслэлийн Агаарын Чанарын албанаас Чингэлтэй дүүргийн 16-р хорооны нэгэн иргэний мансарттай 1 давхар өвлийн орон сууцыг “Кореа стандарт” ХХК-ийн шүршдэг хөөсөөр дулаалж туршилт хийсэн байна. Туршилтаар тухайн айл дулаалахаас өмнө байшин нь ойролцоогоор 10°С дулаан алдагдалтай байсан бол дулаалсны дараа 3°С хүртэл буурчээ. Мөн тасалгааны температур 5-10°С–ээр нэмэгдсэн байна. Энэ нь тухайн айлын жилийн нүүрсний хэрэглээ 3.5 тн болон буурч дунджаар 400 мянган төгрөг хэмнэнэ гэсэн үг юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.