
Нийслэлийн Засаг Даргын 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “ Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/11 дугаар захирамж гарлаа. Захирамжаар нийслэлийн иргэдийг болзошгүй гамшгийн аюулаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтныг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, ард иргэдийг гамшгийн аюулаас хамгаалах арга ажиллагаанд сурган дадлагажуулах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг нийслэлийн Баянзүрх дүүрэгт 2014 оны 03 дугаар сард, Сонгинохайрхан дүүрэгт 04 дүгээр сард, Багануур дүүрэгт 09 дүгээр сард, удирдах бүрэлдэхүүний сургууль, дадлагыг Багахангай дүүрэгт 03 дугаар сард, Баянгол дүүрэгт 04 дүгээр сард тус тус зохион байгуулахыг үүрэг болгосон байна.
Мөн гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалган туслах үзлэгийг Хан-Уул дүүрэгт 05 дугаар сард, Чингэлтэй дүүрэгт 09 дүгээр сард, Налайх дүүрэгт 10 дугаар сард, Усаар хангах алба /Ус сувгийн удирдах газар/-т 02 дугаар сард, Эрчим хүчээр хангах алба /Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК/-т 10 дугаар сард, Дулаанаар хангах алба /Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК/-т 11 дүгээр сард тус тус явуулахыг нийслэлийн Гамшгаас хамгаалах албадын дарга нарт үүрэг болгожээ. Гамшгаас хамгаалах сургуулиудыг мэргэжлийн удирдлагаар хангаж, цаг хугацаанд нь зохион байгуулах, гамшгаас хамгаалах сургууль явуулахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.
Д.Ундрах /24tsag.mn/