
Тайландад олон хоногийн турш үргэлжилсэн тэмцэл, хөдөлгөөн газар авч хүчирхийлэл болон хувирч байгааг таслан зогсоохын тулд онц байдал зарлалаа. Ингэснээр жагсагчдын талтай дахин хэлэлцээр хийхээр болж байна. Жагсагчид ерөнхий сайд Инглак Шинаватраг ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэж байгаа гэж буруутган, огцрохыг шаардсан. Харин ерөнхий сайд огцрохоос татгалзан, парламентыг татан буулгаж, хуулийн дагуу хоёрдугаар сарын 2-нд дахин сонгууль явуулахаар болсон юм. Гэвч дахин сонгууль сөрөг хүчний намынхан, жагсагчдад таалагдсангүй, тэмцэл хөдөлгөөн улам газар авсан билээ. Өнгөрсөн долоо хоногт Бангкок хотын төв хэсгийг хаасан жагсагчид бөмбөг дэлбэлсний уршгаар 28 хүн шархадсан байна. Мөн өнгөрсөн баасан гаригт бас нэгэн бөмбөг дэлбэрч, нэг хүн алагдаж, 10 гаруй хүн шархадсан юм. 2013 оны 11-р сараас эхэлсэн жагсаал хүчирхийлэл болон хувирсаны улмаас 9 хүн нас барж, шархадсан хүмүүсийн тоо 100 хол давжээ.