
Тэд үүнийгээ бензин шатахуун, техник хэрэгслийн үнийн өсөлт, ажилчдын цалин хөлс зэрэг олон асуудалтай холбон тайлбарлаж байгаа бөгөөд нийтийн тээврийн компаниуд жилийн жилд алдагдал хүлээсээр ирснийг онцолсон юм.
Бид энэ талаар Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуугаас дараах тодруулгыг авлаа.
-Үнээ нэмэх болсноо холбогдох албаныханд нь мэдэгдсэн үү? Ямар хариу өгсөн бэ?
-Ер нь монгол улсын засгийн газрын 1993 оны 93 дугаар тогтоолоор Нийслэл хотын Нийтийн тээврийн үнэ тарифыг чөлөөт үнийн тогтолцоонд шилжүүлсэн байдаг. Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Нийслэлийн нийтийн тээврийн газраас аж ахуйн гэрээний дагуу үнэ тарифын бодлогыг зохицуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн компаниуд ихээхэн алдагдал хүлээж одоо ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд хэцүү болчихоод байна. Ажилчид цалин хөлсөө нэмэх шаардлага тавиад түрүүчээсээ ажил хаялт зарлаад эхэлчихлээ шүү дээ. Бид Нийслэлийн удирдлагуудад хандахад Нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ эрхлэгчдийн алдагдлыг төрөөс төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ийм учраас бид засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулъя гэдэг саналаа өгчихсөн байгаа. Бүх асуудал шийдэгдээд та нар 400 төгрөгөөрөө яв бид тарифын алдагдлыг 600 төгрөгт тооцоод өгнө гэвэл ийм асуудал яригдахгүй. Нөгөө талаас Нийслэлийн тээврийн газартай байгуулсан үнэ тарифын гэрээний хугацаа 2013 оны 12 сарын 23-нд дууссан. Иймээс бид үнээ 500 болгох саналыг Засгийн газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн удирдлагуудад албан ёсоор 14 хоногийн өмнө хүргүүлсэн байгаа. Бид энэ сарын 23-наас 500 төгрөгөөр иргэдэд үйлчилнэ.
-Хүүхдийн зорчих үнэ нэмэгдэх үү?
Үгүй. Хүүхдүүд урьдын адил 200 төгрөгөөр зорчино.
-Одоогоор нийтийн тээврийн компаниуд хичнээн төгрөгний алдагдалд ороод байгаа вэ?
-Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй автобус компаниудад 2009-2013 оны хугацаанд төрөөс татаас олгож байсан бол 23,3 тэрбум төгрөг бидэнд ирэх ёстой байсан. Тэгэхээр тийм хэмжээний алдагдлыг бид хүлээсэн гэсэн үг.
-Ажилчид дундажаар хэдэн төгрөгний цалин авдаг вэ?
-Жолооч 650-750 мянган төгрөг, кондуктор 350-450 мянган төгрөгний дундаж цалинтай. Тийм цалингаар ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх ямар ч боломжгүй байгаа. Хэрэв тасалбарын үнэ 500 төгрөг болгочихвол ажилчдын цалин ч мөн тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.
-Тарифыг 500 төгрөг болгох асуудлыг Нийтийн тээврийн газар үгүйсгэсээр байгаа?
-Нийслэлийн тээврийн газраас биднийг барьдаг тарифын зохицуулалтын гэрээний хугацаа дуусчихсан учраас ийм тарифаар үйлчил гэх хууль эрхзүйн үндэслэлгүй. Тэр улсууд төрийн бодлогоо ярьж байгаа байх. Одоо МУ-ын Засгийн газрын 1993 онд гаргасан 93 дугаар тогтоол л үйлчилж байгаа. Тийм учраас үүнийг барьдаг эзэд гэж байхгүй. Барьдаг эзэн байдаг юм бол энэ дээр гарч ирээд яриг. Тэгээд бид алдагдагдлыг нь өгнө гэвэл бид 400 төгрөгөөрөө л явна.
-Оюутнууд болон ахмад настнууд гээд үнэгүй зорчдог иргэдэд энэ жил хэдэн төгрөгний татаас олгож байгаа вэ?
-Энэ жил 53 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг нэмэгдүүлэх асуудлаар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яаман дээр яригдаад явж байна. Нэмэгдэх эсэх нь одоогоор шийдэгдээгүй.
24tsag.mn