
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Сочи хотноо болох 2014 оны өвлийн олимпийн аюулгүй байдлыг хангана гэдгээ амлаж, 30 мянган хамгаалалтын ажилтныг оролцуулахаар төлөвлөөд байгаа билээ. Гэвч олимпийн наадам эхлэхэд 18 хоног үлдээд байгаа энэ үед террорист халдлага үйлдэнэ хэмээн сүрдүүлж буй хоёр залуугийн бичлэг олон нийтийн хэрэгслүүдээр цацагдаж эхэллээ. Энэхүү видео бичлэгт “Бид олимпийн наадам үзэхээр ирсэн жуучлдад бэлэг бэлдэж байгаа. Хэрвээ та олимпийн наадам дээр ирвэл лалын ахан дүүсийн цус урсгасан онцгой бэлгийг авах болно” хэмээн сүрдүүлсэн байна. Хар өнгийн хувцас өмссөн эдгээр залуус Аль-Кайда бүлэглэлтэй холбоотой шашны хэт даврагчид гэнэ. Өнгөрсөн сард Сочи хотоос 650 километрийн цаана орших Волгоград хотод галт тэрэгний буудал, автобусанд хоёр өдөр дараалан бөмбөг дэлбэрч 30 гаруй хүн амиа алдсан юм. Хойд Кавказын Дагестаны лалын шашинтнууд дээрх халдлагыг үйлдсэн байна.