
Уут нь ногоон өнгөтэй, , 80*45см-ийн хэмжээтэй, нүүрэн талдаа “Хоггүй Улаанбаатар-Азийн цагаан дагина”, “Хогоо бүү ил хаяарай”, “Хогоо зориулалтын уутанд хийж хуваарьт газраа байрлуулна уу” гэсэн бичигтэй. Ийм уутанд хогоо хийж ачуулаагүй тохиолдолд хогийг нь авахгүй гэж байгаа. Тэгвэл эл хогны уутыг бизнес болгон ашиглаж байгаа иргэд олширсоор байгаа юм.
Учир нь зарим иргэд улсаас үнэгүй тарааж байгаа хогны уутыг зах, дэлгүүрүүдээр явж борлуулж байгааг иргэд хэлж байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Бямба: "Хогны уутыг зарим иргэд зарж, борлуулж байгаа. Улсаас үнэгүй өгч байгаа зүйлийг зарж болж байгаа юм уу гэж асуухад надад өгсөн зүйлийг би яаж ч ашигласан болно шүү дээ гэж байсан. Ширхэгийг нь 250-1000 төгрөгөөр Хархорин зах дээр зарж байсан. Мөн зарим нэг дэлгүүрүүдэд хогны уутыг борлуулж байгаа" гэв.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Баян-Очир: Энэ уутанд хогоо хийж ачуулааагүй тохиолдолд хог авахгүй гэсэн. Гэтэл халуун үнс нурам хийж болохгүйн дээр нимгэн учир хүнд зүйл хийгээд л ёроол нь цоордог. Ялангуяа гэр хорооллын айл өрхийн хувьд төрөл бүрийн л хог хаягдал гарна. Тэр болгоныг яаж нимгэхэн уутанд хийж болох вэ дээ. Энд тэндээсээ цоороод асгарчихна.

Баянзүрх дүүргийн 14-р хорооны иргэн М.Мөнх-Эрдэнэ: Байрны айлуудад тус хогны уутыг тэр бүр тарааж чадахгүй байх шиг байна. Манайх л гэхэд нэг ч удаа хогны уутаа авч байгаагүй. Гэр хорооллын айлууд л ихээр авч байгаа сурагтай. Уг нь хороод дээр хогны уут тараах тусгай хэсэг байгуулагдана гэж сонссон ч манай хороон дээр огт тийм зүйл хийгдэхгүй байгаа. Тэр тусмаа амины орон сууцанд амьдардаг айлуудыг орхигдуулаад байх шиг.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)