
Энэ сарын 24-нд Швейцарийн Женев хотноо Сирийн энхийн хэлэлцээр эхлэхээр товлогдоод байгаа билээ. Уг хэлэлцээрт Сирийн хамгийн ойрын холбоотон Иран улсыг оролцуулах шаардлагагүй гэж зохион байгуулагч орнууд үзэж байсан юм. Гэвч НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Иран улсын үүрэг оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэж, албан ёсны урилга явуулжээ. Ираны талаас энэхүү урилгыг хүлээн авч, хэлэлцээрт оролцохоор боллоо. Гурван жил үргэлжилсэн иргэний дайны улмаас 100 гаруй мянган хүн амиа алдаж, 6,5 сая иргэн дотооддоо шилжин суурьшиж, 2 сая нь харь орон руу дүрвээд байгаа юм. Сөргөлдөгч талууд хоёр өдрийн турш уулзсанаар хямралыг шийдвэрлэх гарцыг хамтдаа хайх ажээ.